УИХ-ын гишүүн, геологийн инженер Б.Уянгаас “Алт-3” аян эдийн засагт үзүүлэхэ нөлөөллийн талаар тодрууллаа.
“Алт-3” аяныг хэрэгжүүлэхдээ тусгай хамгаалалттай газарт талбай нь давхцаагүй ордуудыг эхлээд ашиглаж болохгүй юм уу? Энэ тал дээр та мэргэжлийн хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
Улирлын шинж чанартай уул уурхайн салбар хүйтрэхээр хаагдчихна. Одоо 7 сар гарч байна. Тиймээс Улсын Их хурлын тогтоолын төсөлд “Алт-3” аяныг дэмжиж, цааш явуулъя, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлье гээд УИХ-аас ЗГ-т тодорхой чиглэл өгч байгаа юм. Дээр нь гурван үндсэн ордтой холбоотой кординатуудыг тусгай хамгаалалттай газраас гаргах асуудлыг хавсралтаар оруулж ирэхээр болж байна. Энэ гурван ордын хоёр нь шороон биш, үндсэн орд. Тэгэхээр байгаль орчинд харьцангуй бага нөлөөлнө. Үйлдвэр нь бэлэн байгаа. Тэгэхээр шууд ашиглаад эхлэх боломжтой гэж ойлгож байгаа.
Уул уурхайг дагаад нөхөн сэргээлтийн асуудал заавал хөндөгддөг. Ажлаа эхлэхээс өмнө гоё сайхан ярьчихаад, ухаж дуусаад хаяад явчихдаг гэх мэт. Үүнээс сэргийлэх ямар гарц шийдэл дэвшүүлж байгаа юм бол?
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас нэг аятайхан санал оруулж ирсэн. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах компаниуд ажлаа эхлэхээс өмнө эхлээд нөхөн сэргээлтийн зардлыг байршуулах шаардлага тавьж байгаа юм байна. Тэгэхээр ямар нэг эрсдэл гарлаа гэхээр зардал нь бэлэн байна гэсэн үг.
Энэ салбарын хүний хувьд хэлэхэд, 2010 оноос хойш уул уурхай, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа уналтад орчихсон учраас шинээр нээгдэж байгаа орд байхгүй. Тиймээс нөөц нь тогтоогдчихсон, бэлэн байгаа ордуудаа эхлээд ашиглалтад оруулах нь зөв гэж үзэж байна. Тэгэхээр гурван ордыг энэ зундаа амжиж хөдөлгөх гэж байгаа юм байна.
“Алт-3” аяныг хэрэгжүүлэх хүрээнд тусгай хамгаалалттай газруудаа сэндийчээд хаячих вий гэдэг болгоомжлол байна л даа.
Тиймэрхүү нөхцөл байдал үүснэ л дээ. Үүнээс сэргийлэхийн тулд түрүүнд хэлсэнчлэн нөхөн сэргээлтийн зардлаа өмнө нь авах нь нэг чухал ажил мөн. Хоёрдугаарт, ашиглалт эхлэхээс өмнө аймаг, сумдын Засаг дарга нарт “хяналтаа сайн тавиарай, янз бүрийн асуудал үүсэх юм бол АМГТГ руу хэлэх ёстой.” Гэдгийг хэлэх хэрэгтэй. Засаг дарга нар энэ үүрэг хариуцлагаа ягштал биелүүлэх ёстой. Мөн нөлөөллийн бүсийн иргэд маань мэдээллээ нээлттэй авюаад, тал талаасаа харуицлага нэхэх юм бол хүндрэлтэй асуудал гайгүй гэж бодож байна.
Бид нүүрснээс хэт хамааралтай эдийн засагтай байгаа нь үнэхээр харамсалтай. Бидэнд өөр юу байна вэ гэхээр алт л байгаа юм. Энэ нөхцөл байдалдаа тохируулаад эдийн засгаа аврах үйл ажиллагаа явж байна гэж харж байгаа.
Хэрвээ УИХ-ын тогтоол гарчих юм бол Монголбанканд алт тушаалт бодитойгоор нэмэгдэх юм билээ.
Шууд дамжуулалт үзэх: