Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2025.07.02 17:30
421
“Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэт загвар нэвтрүүлэх” төсөл нээлтээ хийлээ

БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газар, Копиа Монгол төвийн санхүүжилттэй “Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэт загвар нэвтрүүлэх” төслийн нээлт (2025.07.01) Дархан-Уул аймагт боллоо.

Төсөл 2028 оныг хүртэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих юм.

Төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, Копиа Монгол төвийн захирал У Мён Гюү, БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын дарга Им Ги Сүн болон төсөлд хамрагдаж буй гурван аймгийн 10 сумын Засаг дарга, 10 хоршооны гишүүд, баялаг бүтээгчид болон холбогдох албаны төлөөлөгчид оролцлоо.

Хөдөө аж ахуйн салбар нь Монгол Улсын газар нутгийн 70 гаруй хувийг хамардаг, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн болон экспортын ихээхэн нөөцтэй, цаашид олон улсын дэвшилтэд технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр үр өгөөжийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой салбар юм.

Манай улсын эрчимжсэн аргаар өсгөн үржүүлж буй нэг үхрээс авах ашиг шимийн хэмжээг олон улсын дундаж үзүүлэлттэй харьцуулахад сүүний гарц 77-85 хувь, махны гарц 31-43 хувь, нэг хониноос авах махны гарц 42-48 хувиар тус тус бага байна.

Тиймээс “Копиа Монгол төв” монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэд загвар нэвтрүүлэх төслийг эхлүүлэн үр дүнд хүрээд байна. Тус төсөлд Төв, Дархан-Уул, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотын 21-р хороо, Партизан орчим дахь 10 хоршооны 150 малчин өрх хамрагдана. Нэг малаас авах ашиг шимийг сайжруулах, тэжээлийн хангамж, чанарыг нэмэгдүүлэх, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд төслийн гол зорилго оршиж байгаа юм. Төслийг Дархан-Уул аймаг дахь УГТЭШХ, Малын удмын сангийн үндэсний төв, ХААИС хамтран хэрэгжүүлнэ.

Төсөлд оролцогч 10 хоршооны малчин өрхийг төслийн хугацаанд жил бүр тэжээлийн үрээр хангах, тэжээл боловсруулан үйлдвэрлэх цехээр хангах, малыг тэжээх технологид сургах зэргээр малчдыг дэмжинэ.

2025 онд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

  • Өндөр ашиг шимт цэвэр үүлдрийн болон сайжруулсан үхрийг бүртгэлд хамруулж мэдээллийн сан бүрдүүлнэ
  • Баталгаажсан үүлдэр, омгийн бод малын хээлтүүлэгчийн цөм сүрэг бүрдүүлж, мэргэжлийн байгууллагын хяналтад авах
  • Баталгаажсан үүлдэр, омгийн малд үзлэг ангилалт хийж үүлдэрлэг байдлыг тодорхойлон дүгнэлт гаргах
  • Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх
  • Гойд ашиг шимт малын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах

Нээлтийн үйл ажиллагааны үеэр төсөлд хамрагдсан 10 сумдын Засаг дарга нартай “Хамтарсан төслийн санамж бичиг”-т гарын үсэг зурж, төслийн хоршоод тус бүрд нэгдсэн холбооны туг болон хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж гардуулан өглөө.