FIBA 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, МУГТ Б.Ариунцэцэг сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрээр "Шагнал авсандаа маш их баяртай байна. МУГТ авсандаа итгэж өгөхгүй зүүдлээд байгаа юм шиг л санагдаж байна. Догдлоод шөнө унтаагүй. Шагналаа авахдаа сандраад, чичрээд байсан. Одоо л жоохон ч гэсэн тайвширч байна. Анх шагнал авахаа сонсоод аав ээж хоёртоо хэлэхэд хөл нь газар хүрэхгүй баярлаж байсан. Энэ баярт мөчөө аав ээжтэйгээ хамт хуваалцаж байгаадаа баяртай байна.
Хожлын шидэлтийг хийсэндээ өөртөө ч итгээгүй. Уйлахаас өөр зүйл хийж чадаагүй. Тэр шидэлтийг хийхийн тулд би бүхнээ зориулсан. Хамгийн гол нь Монголын ард түмний маань дэмжлэг их нөлөөлсөн. Та бүхэндээ маш их баярлалаа. Өдөр болгон шантралгүй, тууштай хөдөлмөрлөвөл хэзээ нэг өдөр медалийн тавцан дээр очдог юм байна.
Дараа жилийн дэлхий аваргад медалийн өнгөө хувиргаж алтан медаль авахыг хүсэж байна. Бидний хамгийн том зорилго бол олимпын аварга болох юм" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: