Э.Ирэхбаяр
Редактор
Эдийн засаг
2025.07.03 12:18
1270
Банкууд шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон, ипотекийн зээлийн нэг хувийг шимтгэлд суутгасаар байна

Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо зээлийн дүнгийн нэг хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг үйл ажиллагааны зардал хэмсээн авдаг байсантай холбогдуулан, Монополийн эсрэг газар /ШӨХТГ/-аас 2022 онд нэр бүхий 11 банкинд хяналт, шалгалт хийж байсан.

Энэ үеэр есөн банк ипотекийн зээл олгохдоо зээлийн шимтгэлийг нийт зээлийн дүнгийн нэг хувьд тулган, нэгэн жигд байдлаар тогтоож, авдаг нь үндэслэлгүй тогтоосон гэж дүгнэгдсэн. Иймд тус бүрд нь 20,000,000 (хорин сая) төгрөгийн торгууль ногдуулж, шимтгэлийн хэмжээг үндэслэлтэйгээр тогтоох албан даалгавар хүргүүлж байв.

Гэвч дээрх есөн банк даалгавар биелүүлэх нь бүү хэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан бөгөөд маргаан гурван шатны шүүхээр хянагдаж, Монополийн эсрэг газрын шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн байгаа юм. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас банкуудад албан даалгаврын биелэлтийг хангах, шимтгэлийн хэмжээг дахин үндэслэлтэй тогтоох шаардлагыг тавьж байна.

Монгол банкнаас баталсан Монгол банкны Ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ыг мөрдөж байгаа бөгөөд журмын 9.1-д ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор шимтгэл ногдуулах зохицуулалттай, энэхүү шимтгэл нь нийт зээлийн дүнгийн нэг хувиас хэтрэхгүй байхаар тусгагдсан байдаг.

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6.6-д банк, эрх бүхий хуулийн этгээд нь бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд түүнд Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина гэж заасан.

Гэтэл банкууд шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийтлэгээр дээд хязгаар болох нэг хувийн шимтгэлийг үндэслэлгүйгээр тогтоон үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.

Иймд дээрх асуудлын хүрээнд цаашид авах арга хэмжээ, үйл ажиллагаанд нь хяналт тавьж буй хяналтын байгууллагуудын байр суурыг сонсох, хэлэлцэх асуудлаар уулзалт зохион байгуулах саналыг Монополын эсрэг газраас гаргасан байна.