Э.Ирэхбаяр
Редактор
Нийгэм
2025.07.03 14:51
2061
Ц.МӨНХБАТ: Эргэн төлөлт нь найдвартай, эрсдэлгүй зээлээс өндөр шимтгэл суутгаж байгаа нь буруу

Ц.МӨНХБАТ:

Арилжааны банкууд зээл судалсан зардал гээд ипотекийн зээлийн дүнгээс нэг хувийн шимтгэл суутган авч байгаа нь үндэслэлгүй гэсэн шүүхийн шийдвэр гараад гурван жил өнгөрсөн ч одоо хүртэл хэрэгжихгүй байгаа. Энэ талаар Монополын эсрэг газрын дэд дарга Ц.Мөнхбатаас тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:

Бид зөвхөн орон сууцны хөнгөлөлттэй зээл буюу ипотекийн зээлийг олгохдоо нэг хувийн шимтгэл суутгаж байгаа асуудлыг хөндөж байгаа. Анх 2022 онд С.Мөнхчулуун ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа иргэдээс ирсэн гомдол дээр үндэслэн, ипотекийн зээлийг судлахдаа авч байгаа шимтгэл нь холбогдох хууль, журамд нийцэхгүй байна гэдэг дүгнэлт гаргаад, нэр бүхий есөн компанид шаардлага хүргүүлээд тус бүр хорин сая төгрөгийн торгууль оногдуулсан байдаг.

Тэдгээр банк ШӨХТГ /хуучин нэрээр/-аас гаргасан шийдвэр болон хорин сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгож өгөөч гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Энэ нь Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр дамжсан. Сүүлийн хоёр шатны шүүх хурлаас “ШӨХТГ-ын тавьсан захиргааны акт нь хуулийн үндэслэлтэй байна” хэмээн хангаж шийдвэрлэсэн.

Монголбанкны ерөнхийлөгчийн гаргасан  2008 оны 140 дүгээр тушаалаар Ипотекийн зээлээс суурь хураамж, шимтгэл авах журмыг баталсан байдаг. Мөн Монголбанкны тухай хууль бий. Эдгээр хууль, журмын дагуу арилжааны банк зээлээс шимтгэл тооцох эсэх асуудлаар Монголбанк шийдвэр гаргах эрхтэй. Тухайн үед Монголбанк энэ ажлаа хийгээгүйгээс иргэд хохирч байна гэдэг асуудал үүссэн. Үүний дагуу манайхаас хяналт, шалгалт хийсэн.

Шүүхийн шийдвэр эцэслэн гарснаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрчихөөд байхад өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй, нэг хувийг тултал нь шимтгэл авсаар байна. Монгол Улсын 150 мянган өрх авчихсан, цаашид ч олон мянган өрх авахаар төлөвлөөд байгаа, эргэн төлөлт нь маш найдвартай, эрсдэлгүй зээлийн шимтгэлийг бууруулахгүй явуулаад байгаа нь буруу.

Монополийн эсрэг газар бол иргэдийн эрх ашгийг хамгаалдаг, өрсөлдөөний нөхцөл, орчныг бий болгодог үндсэн чиг үүрэг  хуулиар хүлээсэн байгууллага. Миний бие томилогдоод хагас жил өнгөрч байна. Энэ хугацаанд Монголбанкны удирдлагуудтай ойлголцож, зөвшилцье гээд явж байгаа ч өнөөдрийг хүртэл шийдэлд хүрэхгүй байна. Үүний ард иргэд хохирсоор байна.

Банк бол хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хамгийн хямдаар иргэдэд хүргэх ёстой. Энэ зарчмаасаа гажуудчихаад, бүгд үгсэн хуйвалдах замаар нэг хувьд нь тулгаж, хураамж авч байгаа нь буруу.

Ирээдүйд маш олон залуу гэр бүл зээл авна. Тиймээс иргэд маань өөрсдөө бас энэ асуудал дээр анхаарал хандуулж, шаардлагаа тавих хэрэгтэй гэв.

Шууд дамжуулалт үзэх: