Э.Ирэхбаяр
Редактор
Эдийн засаг
2025.07.03 17:26
1314
Ц.ТУВААН: Валютын нөөц, төгрөгийн ханш гэсэн хоёр асуудлыг хоёуланг шийдэх зүйл бол алт

“Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр байнгын хороогоор хэлэлцээд дэмжээгүй. Хамтарсан Засгийн газрын үед яригдаж эхэлсэн энэ асуудал дээр Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд асан Ц.Тувааны байр суурийг тодрууллаа.

Монгол Улсын валютын нөөц таван тэрбум ам.доллар байгаа. Энэ хэдий хэмжээний нөөц вэ гэдгийг энгийнээр тайлбарлаж өгье. Нэгдүгээрт, Монгол Улс ямар ч доллар нэмж олохгүй байлаа гэхэд гурван сар үүгээр ард иргэдийнхээ хэрэгцээг авах хэмжээний л мөнгө. Үүнээс цааш яах вэ гэдэг асуудал үүснэ.

Хоёрдугаарт, валютын ханш гэж асуудал бидэнд тулгардаг. Импортоос өндөр хамааралтай улсын хувьд валютын ханшийг барих нь ихээхэн ярвигтай байдаг. Хэрэв валютын ханшаа тавиад туух юм бол төгрөгийн ханш суларна гэсэн үг. Бид монголд цалингаа төгрөгөөр тавьдаг, бараа бүтээгдэхүүнээ төгрөгөөр худалдаж авдаг. Тэгэхээр 100 мянган төгрөгөөр худалдаж авах хүнс багасна гэсэн үг. Үүнийг барьж тогтоох үүргийг Засгийн газар, Монголбанк хүлээдэг. Эдгээр асуудлыг шийдэж чадах зүйл бол алт юм л даа.

Дотооддоо алт худалдаж авах, цааш нь борлуулах онцгой эрх ганцхан Монголбанканд байдаг. Монголбанк ААН-үүд болон бичил уурхай эрхлэгч иргэдээс алт төгрөгөөр худалдаж аваад цаашаа валютаар арилжаалж, валютын нөөцөө нэмдэг. Төгрөгийн ханш суларч, валютын нөөц нэмэгдэх гээд байвал зах зээл рүү борлуулж, интервенц хийж, ханшаа барьдаг. Тиймээс алт олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

Алт нь шороон болон үндсэн орд гэсэн хоёр эх үүсвэртэй. Хамтарсан Засгийн газрын үед “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан. Өчигдөр байнгын хороогоор хэлэлцэхэд унасан. Учир нь тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагийг шинэчлэн тогтоох асуудлыг УИХ-д оруулж ирэх эрх нь Засгийн газарт байдаг. Тэгэхээр ЗГ өөрөө энэ асуудлыг оруулж ирвэл үндсэн гурван орд гэлтгүй бусад олон ордын асуудал шийдэгдэнэ гэв.