Э.Ирэхбаяр
Редактор
Засгийн газар
2025.07.04 12:35
674
БНСУ дахь ЭСЯ-нд солонгос хэлтэй эмч ажиллуулж, эрүүл мэндийн тусламж хүссэн иргэдээ чиглүүлнэ гэв

УИХ-ын чуулганы энэ өдөр /2025.07.04/-ийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хандан хилийн чандад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эрүүл мэндийн асуудалд тухайн улс дахь ЭСЯ болон Консулын газрууд анхаарч ажиллахыг хүслээ. Тэрээр хэлэхдээ:

Монгол Улсын иргэд эх орондоо эмчлүүлэх боломжгүй  тохиолдолд гадаадад эмчлүүлэхэд дэмжлэг үзүүлдэг Эрүүл мэндийг дэмжих сан гэж байдаг. Солонгос, хятад, тайланд гээд олон улс руу монголчууд явж байна. Тиймээс тухайн улс орнуудад байгаа Элчин сайдын яамд болон  Консулын газрууд эмчилгээ хийлгэж байгаа иргэддээ мэдээлэл өгөх, чиглүүлэх зэрэг туслалцаа үзүүлэхэд анхаарч ажилламаар байна.

Олон нийтийн сүлжээнээс харахад, тухайн улсад байдаг монголчууд холбон зуучилж байгаа харагддаг. Тэдгээр хүмүүс заримдаа буруу тийш чиглүүлэх нь бий. Заримдаа иргэд маань луйварт өртөж байна хэмээн саналаа хэлээд “Гадаад эмчлүүлж байгаа иргэдийн талаар тодорхой судалгаа, статистик байна уу?” гэж асуулаа.

Түүний асуултад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариулахдаа:

“Өнөөдрийн байдлаар БНСУ, БНХАУ, БНТУ зэрэг улс  руу Монгол Улсын иргэд эмчилгээний зорилгоор их явж байна. Ковидын дараа хятад улсад очиж эмчлүүлэх нь багассан. Солонгос улсад хамгийн их очиж байна. Гэхдээ тодорхой тоо хэлэх боломжгүй байна. Хувь хүмүүс өөрсдөө шийдээд явдаг болохоор тэр бүр ЭСЯ-д мэдэгддэггүй.

БНСУ-д 60 мянга гаруй Монгол Улсын иргэн амьдарч байна. Үүний бараг тал хувь нь хуул бусаар амьдарч буй. Монголоос голдуу хавдартай, ихэвчлэн эцсийн шатандаа орсон хүмүүс очиж эмчлүүлж байна. Эмнэлгээ зөв сонгон чадсан нь онодог. Зарим нь алддаг. Эрүүл мэнд нь өөрөө бизнесийн үйлчилгээ учраас БНСУ-д гадаадын иргэдэд даатгал хамаардаггүй. Тиймээс эмчилгээний өртөг өндөр үнэтэй тусдаг. Гэсэн хэдий ч манай иргэд эмчилгээгээ хийлгэсээр байгаа. Гоо сайхны эмчилгээ, үйлчилгээ авах нь бас нэлээд нэмэгдсэн. Монгол Улсын иргэд солонгос улсад ажиллаж хөдөлмөрлөөд олж байгаа мөнгөнөөс монголчууд тус улсад эмчилгээний төлбөрт төлж буй мөнгө нь давж байгаа. Тийм учраас манай улсын иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлээч гэдэг хүсэлтийг бид байнга тавьсаар ирсэн.

ЭСЯ-д иргэддээ мэдээлэл, зөвөлгөө өгөх, сэрэмжлүүлэх нь нээлтэй болохоос биш яг зохион байгуулалтад ороод, эмчлүүлж байгаа хүмүүст эмнэлгийг нь олж өгөх боломж байхгүй.

Цаашид сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр хамтарч ажиллах мөн солонгос хэлтэй, эмч мэргэжилтэй хүнийг ЭСЯ-д ажиллуулж, тухайн улсад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалуулах, зөв эмнэлэгтэй холбож өгөх, даатгал, төлбөр зэрэг асуудлаар зөвөлгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлж байх талаар ЭМЯ-тай ярилцсан. Ирэх жилээс солонгос хэлтэй, мэргэжлийн эмчийг дипломат албанд ажиллуулна.

БНХАУ болон БНТУ-д эмчилгээ хийлгэсэн иргэдийн талаарх мэдээллийг судлаад эргэн хэлье” гэв.