Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас “Алт-3” аяны талаар тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:
“Алт-3” аяныг явуулъя гэдэг шийдвэрийг өмнөх Засгийн газрын үед гаргачихсан байсан. Манай шинэ Засгийн газар ч гэсэн явуулах байр суурьтай байгаа. Тийм ч учраас яаралтайгаар тогтоолын төслийг өргөн барьж оруулж ирж байгаа. Дэлхий нийтийн геополитикын байдлаас шалтгаалж, ойрын хэдэн жилдээ валютын нөөцөө хадгалах, нэмэгдүүлэх, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийг тогтворжуулах ажлыг хийх ёстой. “Алт-3” аяны хамгийн гол зорилт нь төгрөгийн ханшийг барих явдал юм. Мөнгөний бодлогод нөлөөлнө.
Нүүрс бол манай эдийн засгийг авч явдаг голлох бүтээгдэхүүн. Бүхэл бүтэн улсын эдийн засгийг нэг бүтээгдэхүүн авч явна гэдэг маш том эрсдэлтэй, асар буруу бодлого.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас уул уурхайн бүтээгдэхүүн бүхэнд зориулж, тусад нь бодлого гаргана. Нүүрсний үнэ таван жил тутамд нэг удаа унадаг, үүнээс болж эдийн засаг хөдөлж байдгийг зогсооё, өнгөт металлын салбараа дэмжиж хөгжүүлье гэсэн бодлого барьж байгаа. Үүний эхлэл нь болж “Алт-3” аяныг хөдөлгөх гэж байна. Ингээд нэгдүгээр үе шат дуусаж байгаа юм.
Одоо Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам тусгай хамгаалалттай газар нутгийнхаа алийг нь түрүүлж ашиглах юм, ямар шаардлага нөхцөл тавих юм гэдгээ боловсруулж, УИХ руу оруулж шийдвэрлүүлнэ. Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийг тогтоох эрх нь УИХ-д байдаг.
Олборлолт хийх компаниудад хамгийн сүүлийн үеийн өндөр технологи ашиглах шаардлага тавина. Мөн нөхөн сэргээлтийн зардлыг урьдчилж авна.” гэв