AI буюу хиймэл оюун ухаан гэгч зүйл бидний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Сайн талыг нь хураангуйлан хэлбэл, бидний цаг, мөнгийг хэмнэх болсон. Ямар нэг мэдээлэл хайхад манай гарагийнхны ашиглаж байгаа үй түмэн цахим талбарыг бүхэлд нь нэгжиж, хэрэгтэйгээ сугалж аваад, боловсруулалт хийдэг. Мөн өмнө нь мэргэжлийн студи, хөгжмийн зохиолч, дуучдад мөнгө төлж хийлгэдэг байсан видео контентыг хиймэл оюун ухаанаар бүтээлгэж, дууны ая бичүүлж, бичүүлсэн дуугаа ч дуулуулчихдаг болсон. Гээд тоочвол дуусашгүй.
Харин сөрөг тал нь гэвэл хүн төрөлхтөн маш залхуу болж байна. Өмнө нь өөрөө бодож сэтгэж, боловсруулж хийдэг байсан ажлаа AI-д даатгаж амарчлах болсон. Мэдээлэлд шүүлтүүртэй ханддаггүй хүмүүс бол өгсөн мэдээллийг нягталж боловсруулалгүй ашиглаж байна. Гэтэл AI-ын санал болгосон мэдээлэл цаг хугацааны хувьд ихэнхдээ хоцрогдсон байх нь бий. Жишээлбэл, өмнөх оны эцсийн эсвэл энэ оны эхний улирлын статистик мэдээлэл асуухад 2022 эсвэл 2023 оны мэдээлэл гаргаж байх жишээтэй.
Хэдийгээр хиймэл оюун ухаан хайлтыг асар хурдтай хийдэг ч гэлээ одоохондоо хөгжим, яруу найраг гэх мэт хүний сэтгэл зүрхнээс урсан гардаг хөг аялгууг гүйцэж хараахан чадаагүй. Түүний бүтээсэн дүрст баатрууд ч амьд хүнээс ялгардаг, “сүнсгүй” гэж ярьдаг даа, яг л тийм. Гэвч энэ бүхэн цаг хугацааны л асуудал. Мөдхөн оюун ухаант хүмүүнийг гүйцээд ирэх биз.
Хамгийн гол эрсдэл нь хүн төрөлхтөн өөрсдийн бүтээсэн хиймэл оюуны ухаанаа хяналтаасаа алдахад ойрхон байгааг түүнийг бүтээгчид ч хүлээн зөвшөөрөх болсон. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухаан өөрөө өөрийгөө хөгжүүлж, улам ухаалаг болж байгаа нь эргээд хүн төрөлхтөнд гай болж ч мэднэ. Нөгөөтэйгүүр, хэн нэг хорлон сүйтгэгч, өөрөөсөө бусдыг үзэн ядагч этгээдийн гарт AI-г хөгжүүлэх чадвар заяаж гэмээнэ, байг гэхэд түүнийг бүтээж байгаа хүнийг эрхшээлдээ оруулж гэмээнэ эргээд хүн төрөлхтөний эсрэг ашиглаж болзошгүй. Тиймээс өнөөдөр хиймэл оюуныг бүтээгчдээс өндөр ёс суртахуун шаардахаас өөр аргагүй.
АНУ-ын алдарт хөрөнгө оруулагч, зохион бүтээгч Элон Маск ч энэ тухай арав гаруй жилийн өмнөөс анхааруулж ирсэн. Тэрээр хиймэл оюун ухааныг хөгжүүлэх явцдаа бүх үе шатанд ямарваа нэгэн систем хүн төрөлхтөнд аюул учруулж байгаа эсэхийг хянадаг тусгай байгууллага эсвэл хөтөлбөр хэрэгтэй гэж мэдэгдэж байсан.
Гэвч тэр эцэст нь хиймэл оюун ухаанаас айж суухын оронд нэгдэж, дотор нь орох хэрэгтэй хэмээн үзэж, өөрөө энэ салбарт хөл тавьсан. Энэ нь бидний сайн мэдэх “OpenAI” юм.
Өнөөдөр Элон Маск хиймэл оюуныг хөгжүүлээд зогсохгүй тэрхүү бүтээлээ хүний тархинд суулгахаар чип үйлдвэрлэж буй. Түүний байгуулсан “Neuralink” компани 2016 оноос хойш амьтан дээр туршсан чипээ 2024 оноос хүн дээр туршиж эхэлсэн бөгөөд одоогоор нийт дөрвөн хүн энэ туршилтад хамрагдаад байна. Энэхүү туршилтаа 2030 он хүртэл үргэлжлүүлнэ хэмээн тэр мэдэгдсэн.
Бид зөгнөлт кинонуудаас бишгүй л харсан даа. Ямар нэг компани, академи хүмүүсийн тархинд чип суулгаж, ой санамжийг нь арилгаад, зөвхөн өөрсдийнх нь удирдлагаар ажилладаг робот болгодог гэх мэт. Угаас хүн төрөлхтөн үлгэр туульсдаа ирээдүйг зөгнөн ярьж, бичиж ирсэн. Хожим зөгнөлт зохиол, кинонууд бүтээгдэх болсон. Тэдгээр зөгнөл бараг бүгд л биелснийг бид харж, мэдэрч, хүзртэж буй.
Тэгэхээр хүний тархи, компьютер хоёрыг нэгтгэх Элон Маскын чип мөдхөн дэлхий даяар тархаж, хэн хүссэн нь тархиндаа суулгаж, бид яг л гүүгл шиг үй түмэн мэдээлэл тархиндаа хадгалж, AI шиг хурдан бодож, сэтгэдэг болох биз. 2030 он гэхэд бидний дунд тархиндаа чиптэй, бүх асуултад хариулт нь бэлэн хүмүүс олшроход гайхах юмгүй. Хиймэл оюун ухаан хүний тархинд “суурьших” цаг тун чиг ойрхон байна даа.