Оюун ухааны спортын тамирчин, ой тогтоолтын спортын Дэлхийн хошой аварга Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагналаа. Тэдний сэтгэгдлийг хуваалцав. Тэд хэлэхдээ:
“Олон улсын болон дэлхийн чанартай нийт 17 тэмцээнд оролцсоноос 15-д нь түрүүлсэн. Мөн монголын болон олон улс, дэлхийн чанартай 20 гаруй дээд амжилтыг эвдсэн. Энэ амжилтад хүрэх боломжийг нээж өгсөн “Монголын оюун ухааны академи”-ийн тэргүүн Х.Хатанбаатар багшдаа, дасгалжуулагч Ө.Сэнгэдсамдан багшдаа, багийн дасгалжуулагч Баасандорж багшдаа болон академийнхаа бүх багшид баярлалаа.
Мөн энэ амжилтыг гаргахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн ар гэрийнхэн, ах, эгч, дүү нартаа баярлалаа. Амжилт гаргах бүрд баяр хүргэдэг монголынхоо ард түмэнд баярлалаа.
Өнөөдөр төр маань оюуны спортыг үнэлж байгаад маш их баяртай байна. Хамгийн сүүлд 2024 онд олимпийн аварга болсон. Тамирчин хүний дараагийн зорилт үргэлж амжилтаа ахиулах байдаг.
Хүүхэд залуучуудад оюуны спортоор хичээллэх боломжийг нээж өгсөн Монголын оюун ухааны академийнхандаа маш их баярлалаа.
Хүүхэд залуустаа хандаж хэлэхэд, монгол хүн оюун ухааны спортоор хичээллэж амжилт гарган, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах боломж нээлттэй байгаа шүү. Хичээллээд үзээрэй.
Бид хоёр магистраа хамгаалаад ирсэн. Одоо оюуны спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна.” гэв
Шууд дамжуулалт үзэх: