Э.Ирэхбаяр
Редактор
Эдийн засаг
2025.07.07 19:09
1951
Улс төрчдийн попролоос болж Монголбанк шийдвэртээ туйлбаргүй байна

Монгол төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үүрэг хуулиар хүлээсэн  Монголбанк эрх баригчдын нөлөөгөөр эргэж хургасан шийдвэр гаргах боллоо. Тэтгэвэр, тэтгэмж барьцаалсан зээлийн талаар сүүлийн гурван сарын дотор гурвантаа шийдвэр гаргахдаа өмнөхөө үгүйсгэж, улам дордуулсаар.

Тус банкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо энэ өдөр /2025.07.07/ хуралдаж, тэтгэвэр, тэтгэмж барьцаалсан зээлийн талаар өнгөрөгч гурав болон зургаадугаар сард гаргасан шийдвэрээ цуцалж, эдгээр шийдвэр гарахаас өмнө үйлчилж байсан зохицуулалтыг үргэлжлүүлэн мөрдөхөөр болсон байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь банкууд тэтгэвэр, тэтгэмж барьцаалсан зээлийг ямар нөхцөлөөр олгож байсан юм, түүгээрээ шийдээд явна гэсэн үг. Энэхүү шийдвэрийг иргэд болон УИХ-ын гишүүдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн гаргасан хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, цаашид Монголбанкны зүгээс тэтгэврийн зээл дээр ямар нэгэн хязгаарлалт тавихгүй болсон гэсэн үг. Харин арилжааны банкнууд уг зээлийг олгохдоо өөрийн эрсдэлийн удирдлага, бизнесийн бодлого, төлөвлөлтөө удирдлага болгож, түүндээ нийцтэй байдлаар тухайн банкны зээлийн хороо нь эцсийн шийдвэрийг гаргаж байх юм.

Уг нь ГБХНХ-ын сайд асан Л.Энх-Амгалангийн саналыг үндэслэж гуравдугаар сард гаргасан Мөнгөний бодлогын хорооны шийдвэр өнөөдөртөө ахмадуудад хатуу санагдах ч тэдний ирээдүйд дэмтэй бодлого байсан юм. Гэвч улс төрчдийн попролоос болж цуцлагдсан. Манай улс төрчид, ялангуяа парламентын гишүүд олонхынхоо саналыг ойшоон сонсохгүй ч заримдаа цөөхөн хэдэн хүний ярьсан зүйлийг нийтийн асуудал болгон дэвэргэж,  улс төржих нь түгээмэл болсон хойно. Арай гэж зүг чигээ олсон бодлогыг сарниулаад хаясан нь харамсалтай.

Бусад орнууд тэтгэвэр барьцаалсан зээлийн талаар ямар бодлого барьдгийг сонирхож үзлээ. Тэтгэврийн зээлтэй холбоотой үндсэн гурван асуудал буюу зээлийн хүү, хугацаа, орлогын хэдэн хувиар олгохыг тогтоосон босгыг авч үзье.

Зээлийн хүүгийн тухайд, БНЭУ гэхэд тэтгэврийн сангаас олгодог зээлдээ жилийн 7–9 хувийн хүү тооцдог, Филиппин улс тэтгэвэр авагчдадаа жилийн 8–10 орчим хувийн хүүтэй  зээл олгодог. Сарын 0.5-0.8 хувийн хүүтэй гэсэн үг. Аль аль нь хэрэглээний зээлээс хавьгүй бага хүүтэй. Эдгээр улс нь нэг хүнд ногдох нэрлэсэн ДНБ-ээрээ манайхаас бага. Гэтэл манай тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь буюу сарын 1.5 хувиас хэтрэхгүй байх зохицуулалттай. Дээрх улсуудаас хоёроос гурав дахин өндөр хүүтэй байгаа юм.

АНУ зэрэг олон оронд “disposable income” буюу гар дээр үлдэх орлогын доод босгыг тогтоож өгдөг. Жишээлбэл, Филиппинд зээлдэгчид үлдэх орлого нь амьжиргааны доод түвшнээс доошгүй байх ёсгүй. Манай Мөнгөний бодлогын хороо 3 дугаар сард ийм шийдвэр гаргасан ч өнөөдөр цуцаллаа. Бразилд тэтгэвэр барьцаалсан зээлийн сар бүрийн төлбөр нь тэтгэврийн орлогын 35 хувиас илүүгүй байх ёстой гэх жишээтэй. Иймэрхүү зохицуулалт уг нь нийгмийн эмзэг бүлгийнхэнд тулгарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэдэг. Гэвч манай улс төрчид эрсдэлээс сэргийлэх энэ алхмыг уландаа гишгэчихсэн.

Зээл олгох хугацааны тухайд, Балба, Ямайка, Кени зэрэг улсууд 12 сар хүртэл хугацаагаар, Энэтхэг улс 12-20 сарын хугацаатай олгодог бол Тайланд, Шриланка зэрэг улсууд манайхтай адилхан 24 сарын хугацаатай зээл олгодог аж. Гэтэл итаваас зургаан жил хүртэл хугацаагаар зээл олгодог улс орнууд ч байна. Энэ үзүүлэлтээр манайх дундаж түвшинд байгаа нь яамай даа.

Мөн тэтгэвэр барьцаалсан зээлээс даатгалын шимтгэл зэрэг нэмэлт суутгал авахыг хориглодог жишиг ч байна.  

Тэтгэврийн зээлийн талаар бусад орны бодлогыг харьцуулахдаа өндөр хөгжсөн улсуудыг биш зориуд манайхтай ойролцоо улсуудын туршлагыг хуваалцлаа.

Манай улсад хөдөлмөрийн хөлс бага, түүнийгээ дагаад тэтгэвэр, тэтгэмж нь ч бага болохоор иргэдийн амьжиргаанд хаанадаа ч хүрдэггүй. Үүнээс үүдэж бага орлоготой иргэд эцэг, эхийнхээ тэтгэврийг барьцаалан зээл авч эдийн засгийн эргэлтэд оруулах эсвэл ахуйн томоохон асуудлаа шийдэх арга замыг сонгох нь түгээмэл. Үүнийг буруутгах аргагүй ч гарц биш гэдгийг мэдсээр байж, урсгал сөрөх биш дагаж урсах улс төрчид зээлийн бодлогоос “савраа” татаж, Монголбанкныхан бодлого шийдвэртээ эзэн байгаасай.

Банкны тухай хуулийн Нэгдүгээр бүлгийн 5 дугаар зүйл /Банкны үйл ажиллагаанд үл нөлөөлөх/-ийн 5.1-т "Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Монголбанк, төрийн бусад байгууллага банкны үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд удирдлага, шийдвэрт нь хууль бусаар нөлөөлж болохгүй." гэж, мөн зүйлийн 5.2-т "Банк төрийн хүлээх үүргийг хариуцахгүй, өөртөө тухайлан хүлээгээгүйгээс бусад тохиолдолд банкны хүлээх үүргийг төр хариуцахгүй." хэмээн тус тус заасан байдаг. Гэсэн хэдий ч банкууд нь өндөр хүүтэй зээл олгосоор байгаа одоогийн нөхцөл болон ойрын хэдэн жилдээ төв банк “хошуу дүрж”, ахмадуудад ирэх өрийн дарамтыг сааруулахаас өөр арга зам харагдахгүй байгаа юм.