m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
2025.07.08 11:51
907
УИХ, ЗГ бие бие рүүгээ “өшиглөсөөр” дунд нь “Алт-3” аян сарниж, ам.долларын ханш алдуурч мэдэх нь

Хаваржин яригдсан “Алт-3” аян энэ жилдээ хэрэгжиж амжихааргүй болж байх шиг.  Энэ аяныг хэрэгжүүлэхийн тулд үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага үүссэн. Учир нь илрээд буй алтны ордуудын нийт нөөцийн 80 гаруй хувь нь үндсэн ордод хамаарч байгаа. Гэтэл тэдгээр үндсэн ордын талбай нь тусгай хамгаалалттай газар нутагтай  давхцаад байгаа. Тиймээс юун түрүүнд давхацсан талбайг тусгай хамгаалалтаас хэсэгчлэн гаргах шаардлага үүссэн юм.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үеэс яригдаж эхэлсэн энэ аяныг Г.Занданшатарын Засгийн газар ч дэмжиж, ажил хэрэг болгохоо салбарын сайдаас нь эхлээд удаа дараалан мэдэгдэж байсан ч  танхимынх нь гишүүн буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар уг асуудлыг хариуцаж, Засгийн газар руу оруулахаас татгалзсан байна.

Ногоон бодлоготой намын дарга, дээр нь салбар хариуцсан сайдын хувьд татгалзаж байгааг нь ойлгож болох ч энэ асуудал анхнаасаа ЗГ-ын эрх мэдлээс хэтэрсэн хэрэг байсан юм. Учир нь тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагийг тогтоох эрх нь зөвхөн парламентад л байдаг. Гэтэл парламент энэ асуудлыг Засгийн газрын түвшинд шийдэх боломжтой хэмээн өөрөөсөө түлхсэн.

Төсвийн тодотголтой хамт өргөн баригдсан тогтоол нь Засгийн газарт чиглэл өгөх  агуулгатай бөгөөд алтны олборлолтыг бодитоор өсгөж чадахгүй гэдгийг хуульчид хэлж байгаа юм. Гэтэл тэрхүү чиглэл өгөх тогтоол нь ч батлагдаж амжихгүй нөхцөл байдал хэдийнэ үүсчихээд байна. Учир нь чуулган маргааш /2025.07.09/ завсарлана.

Эл асуудлыг намрын чуулганаар хэлэлцлээ гэхэд оройтсон байх болно. Жилийн дөрвөн улиралтай улсын тухайд бүтээн байгуулалтын ажил хавартаа, ядаж зундаа эхлэхгүй бол тэр жилдээ амждаггүйг хэн хүнгүй мэднэ. Нэгэнт алтны олборлолтыг бодитоор нэмэгдүүлж чадахгүй бол валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг чангаруулах асуудал энэ ондоо бидний хяналтаас гарлаа л гэсэн үг.

Эрчим хүчний үнийг чөлөөлж байж энэ салбар өндийнө гэдгийг олон жил ярьсан ч үе үеийн Засгийн газар, салбарын сайд нар зориглоогүй. Хожуу ч гэсэн Л.Оюун-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн нарын үед эрчим хүчний үнийг өртөгт дөхүүлэх шийдвэр гарсан нь энэ салбарт хувийн хэвшлийнхэн зориглон орох нөхцөлийг бүрдүүлээд буй. Үүнтэй адил алтны салбарт гагц өөрийн “арьс”-аа хамгаалж, өнөө, маргаашийн нэр төрөө бодож суух биш зоригтой шийдвэр гаргахыг цаг үе шаардаж байна.

Уланд унатлаа ханш нь суларсан төгрөгөө чангаруулъя гэвэл, бидний хүслээс үл шалтгаалж, эдийн засгийг зохицуулагч далд гар болсон ам.долларын нөөцийг нэмэгдүүлье гэвэл “Алт-3” аянаа хэрэгжүүлэхээс өөр арга зам одоохондоо бидэнд алга.