m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
2025.07.09 13:06
1139
Х.ТЭМҮҮЖИН: Тахрын албыг татан буулгаж, гэрч, хохирогчийг хамгаалалтгүй болгочихоод,  ард нь гарсан үр дагавараар шоудахаа боль

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс 2025 оны хаврын чуулганы үр дүнгийн талаар байр суурийг нь тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:

Энэ хаврын чуулганаар парламентын хэлэлцүүлгүүдийг үр дүнтэй болгох, зөрүүтэй байр сууриудаа чуулган дээрээ ярилцаж, ямар асуудлыг хэрхэн шийдэх гээд байгаа юм бэ гэдгээ ойлголцож чаддаг болсон. Үнэнийг хэлэхэд, өмнө нь асуудлаа парламент дотроо хэлэлцэж мэтгэлцэхээс илүүтэй хэвлэлээр хоорондоо хэрэлдэж талцдаг байсан. Эсвэл яг гудамжинд байгаа хүмүүс шиг, шийдвэр гаргагч биш юм шиг аягладаг байсан бол одоо аливаа асуудлыг парламент дотроо тал бүрээс нь илүү нухацтай хэлэлцдэг болж эхэлж байна.

Энэ хаврын чуулганаар бид гурван зорилтыг чухалчилж байсан. Нэгдүгээрт, эдийн засгийн чиглэлд томоохон алхмуудыг хийх ёстой. Энэ хүрээнд ААН-үүд татан буугдахад хүрээд байгаа татварын болон хяналт шалгалтын дарамтыг багасгах. Үүнийг хийж чадвал ААН-үүдийн дарамт багасаж, орлого нь нэмэгдэнэ. Хоёрдугаарт, хууль зүйн салбарт хүний эрхийг хамгаалах чиглэлд дорвитой өөрчлөлтүүд хийх ёстой. Гуравдугаарт, эдгээрийг шийдэхэд хүссэн ч, эс хүссэн ч хөрөнгө оруулалт шаардагдана. Тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалт чухал. Тиймээс хөрнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх ёстой. Яагаад гэвэл банкууд   мөнгө гаргахаа болилоо. Хүмүүс бизнест хөрөнгө оруулахаас айдаг боллоо. Энэ нь эдийн засгийг гацааж байна. Эдгээр гурван өөрчлөлтийг хийх болов уу гэсэн хүлээлттэй байсан ч харамсалтай нь хийсэнгүй. Ирэх намрын чуулганаар эдгээр асуудлыг шийдэх байх.

Шинэ Засгийн газар ч гэсэн хөрөнгө оруулалт татна гэж байна. Үүнд жаахан эргэлзэж байна. Яагаад гэвэл өмнө хийсэн ажлаараа хөрөнгө оруулалтыг үргээсэн улс шүү дээ. Төсөв санхүүгийн хувьд Сангийн сайд нь хэвээрээ байгаа. Эдийн засаг, эрчим хүч гээд хариуцаж байсан сайд нар нь хэвээрээ. Тийм болохоор нүүрээ угаагаад цоо шинээр гарч ирнэ гэдэгт эргэлзэж байгаа юм. Гэхдээ энэ намрын чуулганаар зөвхөн төсөв хэлэлцэх биш эдийн засгийн томоохон реформуудаа хийх болов уу гэж горьдож байна.

Ирэх хаврын чуулганаас бас нэг зүйл хүлээж байгаа. Тусгай хяналтын дэд хороо хэрэгжих хугацааг ирэх хавар болгож өөрчилсөн. Энэ хооронд хууль зүйн салбарт том өөрчлөлт хийж чадах уу?

Ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө нэг эмэгтэй нөхрөөсөө салъя гэж хэлснийхээ төлөө ажлын байран дээрээ нөхөртөө хутгалуулаад амиа алдчихлаа. Ерөнхий сайд гарч ирээд “Энэ ямар аймшигтай юм болоо вэ, үүн дээр анхаарч ажиллаарай” гэж хэлээд, матрын нулимс унагалаа. Тахрын албыг татан буулгаж, гэрч, хохирогчийг хамгаалалтгүй болгочихоод,  ард нь гарсан үр дагавараар шоудахаа боль. Үнэхээр зоригтой өөрчлөлт хийх гэж байгаа бол Тахрын албаа байгуул. Хохирогч хамгаалах системээ бий болго. Цагдаа нар хохирогчтой гэмт хэрэгтэнтэй харьцдаг арга барилаараа ажиллаад байна, ингэж болохгүй. Соёл нь болохгүй байгаа юмыг тэнд хүчээр овоолж болохгүй гэв.

ЗГ байгуулагдсанаас хойш төсөвтэй холбоотой асуудлаа эхний байдлаар хагас дутуу хийж дуусгалаа.

Шууд дамжуулалт үзэх: