m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ
2025.07.09 18:28
340
26.7 км урт нэгдүгээр тойрог замыг бүтээн байгуулах зээлд Засгийн газар баталгаа гаргахаар боллоо

УИХ-ын чуулганы энэ өдөр /2025.07.09/-ийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өрийн баталгаа гаргах, зөвшөөрөл авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

O

Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй хөгжлийн 24 мега төслийн нэг болох Нэгдүгээр шинэ тойрог замын төсөлд Засгийн газраас баталгаа гаргах энэхүү тогтоолын төслийг Засгийн газраас яаралтай горимоор оруулж ирснээр нэг өдрийн дотор хэлэлцэхийг дэмжиж, анхны болон эцсийн хэлэлцүүлгийг хийгээд амжлаа.

Тогтоолын төслийг өчигдөр /2025.07.09/ байнгын хороогоор хэлэлцэхэд дэмжилгүй унагаасан. Өнөөдөр мөн хэлэлцүүлгийн дундуур УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар хагас цагийн завсарлага авсан. Шалтгаан нь яаралтай хэлэлцэн шийдэх асуудал мөн эсэх нь эргэлзээ төрүүлсэн. Мөн өртөг зардал өндөр байна гэсэн шүүмжлэл ч дагуулсан. Завсарлагын хугацаа дуусмагц чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр батлагдлаа.

918 сая ам.долларын өртөгтэй энэхүү төслийг гурван багц болгон гурван жилийн хугацаанд багтаан хэрэгжүүлэх бөгөөд жил бүр тухайн онд шаардагдах санхүүжилтийг шийдэж явна. 2025 шаардагдах 260.3 сая ам.долларын зээллэгийн 85 хувьд Засгийн газраас баталгаа гаргуулах хүсэлтийг НЗДТГ-аас Засгийн газарт хүргүүлсэн байна. Сангийн яам уг хүсэлтийг судлан, Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын тогтоолын төсөл болон холбогдох эрсдэлийн үнэлгээг боловсруулан, УИХ-аар хэлэлцүүлсэн нь энэ.

Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, “20 минутын хот” хөгжлийн концепцыг хэрэгжүүлэх зорилготой хэмээн тайлбарлаж буй энэхүү замын нийт урт 26.7 км. Үүнээс 14.89 км нь хатуу хучилттай хурдны авто зам, 8.92 км нь дан болон давхар гүүрэн байгууламж, 2.08 км нь газар доогуурх туннель байх аж. Төслийн хүрээнд зургаан эгнээт хурдны зам тавигдаж, найман байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзвар баригдах юм байна. Түүнчлэн Туулын хурдны зам болон хотоос гадагш чиглэсэн олон улсын автозамуудтай холбогдох аж. Уг зам тавигдсанаар замын дундаж хурд 20–25 хувиар нэмэгдэж, түгжрэл 23.3 хувиар буурна хэмээн тооцоолжээ.

Чуулганаар уг асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд асуулт тавьж, үг хэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Улаанбаатарт амьдарч байгаа иргэдэд стресс үүсгэж байгаа гол хүчин зүйлсийн нэг нь түгжрэл. Түгжрэлээс үүдэж алдагдсан боломжийн өртгийг тооцоолж гаргасан судалгаа байна уу?” хэмээн асуусан.

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатарчуудын дундаж цалин сарын 2.5 сая төгрөг буюу цагийн 13,000 төгрөг. Түгжрэлийн өртгийг цагийн ажлын хөлсний тавин хувиар тооцдог олон улсын аргачлал бий. Улаанбаатарчууд жилд нэг сар буюу 30 хоногийг түгжрэлд зарцуулж байна гэсэн судалгаа гарсан. Лондон, Бангконг, Стамбул зэрэг нийгэм, эдийн засаг, соёлын ялгаатай хотуудад түгжрэлийн өртгийг энэ аргаар тооцдог. Улаанбаатарт өдөрт дунджаар 3 сая зорчилт хийгддэг.” хэмээн хариулав. Энэ аргачлалаар тооцож үзвэл нийслэлийн нэг иргэн түгжрэлээс үүдэж жилд дунджаар 4.6 сая төгрөгийн хохирол амсаж байгаа аж.  Шинэ тойрог зам түгжрэлийг 23.3 хувиар бууруулах юм бол түгжрэлээс үүдэлтэй дээрх хохирол нэг сая орчим төгрөгөөр буурна гэсэн үг.

Аливаа хөрөнгө оруулалт үр ашигтай, богино хугацаанд зардлаа нөхдөг байх нь чухал. Тэгвэл шинэ тойрог замыг бүтээн байгуулах зардлыг хэдий хугацаанд нөхөж олох вэ гэсэн асуулт урган гарч ирнэ.

ТЭЗҮ-нд дурдсанаар уг тойрог замаар  өдөрт дунджаар 180 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчино. Өдөрт хэдэн удаа зорчихоос үл хамааран нэг удаа 5000 төгрөг төлнө. Энэхүү замын хураамжаар тооцоолоход 10 жилийн дараа өртгөө нөхөх боломжтой гэж тооцоолсон байна.

Ийнхүү Засгийн газраас өрийн баталгаа гаргах УИХ-ын тогтоолыг батлуулаад авсан хотын дарга Х.Нямбаатар энэ ондоо багтаан эхний санхүүжилтдээ дүйцэх ажлыг амжуулан гүйцэтгэх үлдлээ.