Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3-р хороонд байрлах “Cante” шөнийн цэнгээний гадна бүлэглэн бусдын биед халдаж, онц ноцтой гэмтэл учруулсан хэрэг гарсан.
Тус хэргийг УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, Эрэлийн Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн нар үйлдсэн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлсэн.
Зодуулсан иргэн С-ын биеийн байдал муу, нүүрний яс цөмөрсөн, нэг нүдний хараа алдсан гэх оноштойгоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа.
Дээрх хэргийн сэжигтнээр Таван Богд группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан татагдсан ч тэрээр уржигдар хил гарсан гэх мэдээлэл гарсан.
Тиймээс ХХЕГ-аас тус асуудлын талаар тодруулахад хилээр гарахыг хориглосон иргэдийн жагсаалтад нэр нь ороогүй л бол хил давахыг нь хориглодоггүй. Мөн хувь хүний нууцтай хамааралтай мэдээллийг шууд өгөх боломжгүй, цагдаагийн байгууллагаас мэдээллээ авна уу гэх тайлбар өгсөн. Харин ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс Б.Амарсайханыг хил гарсан эсэхийг өчигдөр тодруулах гэсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.
Мөн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс Э.Тэмүүлэн Ц.Санжаачойпэл нарыг 48 цагийн хугацаатай сэжигтнээр баривчлах шийдвэр гаргасан. Харин тус хугацаа өнөөдөр 22:00 цагт дуусна.
Гэхдээ одоогийн байдлаар прокуророос хугацааг нь сунгах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд сулласан ч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдана. Харин тэднийг суллавал хил давж оргон зайлж,хэрэг мартагдаж, уснаас хуурай гарах вий гэх иргэдийн шүүмж нийгэмд үүсээд байна.
Мөн ЦЕГ-ын дарга асан, хурандаа Ж.Болдын хүүг сэжигтнээр тооцон, саатуулсан гэх мэдээлэл гарсан ч албаны эх сурвалжууд өнөөдрийг хүртэл бүрэн дүүрэн, гүйцэт мэдээлэл өгөөгүй байсаар байна. Тиймээс бид дээрх хэргийн талаар эргэн мэдээлэх болно.