“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас томилогдсон Онцгой бүрэн эрхт төлөөлөгч У.Бямбасүрэнгийн багийнхан нүүрсийг шууд гэрээгээр зарах хуулийн гарц судалж эхэлсэн байна гэсэн мэдээллийн дагуу тус компаниас хариу тайлбар хийлээ. Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондог хэлэхдээ:
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь төрийн өмчит компаний хувьд Уул уурхайн бүтээгдэхүүний Биржийн тухай хуульд заасны дагуу зөвхөн Биржээр бүтээгдэхүүнээ арилжаалдаг. 2023 оны хоёр дугаар сараас хойш Биржээр арилжаалж ирсэн. Гашуунсухайт-Ганц модны хил холболттой холбоотойгоор зөвхөн “Чайна энержи” групптэй 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр “Нүүрс худалдаалах тухай” урт хугацааны гэрээ байгуулсан.
Уул уурхайн Биржийн тухай хуулийн 3-р бүлгийн 10-р зүйлийн 10.3-т “Стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу нүүрсийг харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд худалдах гэрээг байгуулахад энэ хуулийн 10.2 дахь хэсэг хамаарахгүй.” гэж заасан байдаг. Энэ хүрээнд дээрх гэрээг байгуулсан юм л даа.
Шууд гэрээний цаана нүүрсээ хяналтгүйгээр гаргах вий, эрх мэдэлтнүүд дундаас нь өөрсдөдөө ашиг унагаах гэж улайрч, улсад хохирол учруулах вий гэдэг эргэлзээ төрж байгаа юм л даа? Биржийн тухай хууль батлагдсанаас хойш хичнээн хэмжээний нүүрсийг шууд гэрээгээр борлуулсан юм бэ?
Энэ оны эхний долоон сарын байдлаар манай компани нийт 14 сая тн нүүрс экспортлоод байна. Үүнээс 2.6 сая тонныг Биржээр, үлдсэнийг нь урт хугацаат гэрээгээр борлуулсан. Оны эхний зургаан сарын байдлаар нийт 85 удаа Биржийн арилжаа зарласнаас 20 нь амжилттай болж, 1.3 сая тн нүүрс арилжаалсан. Үүний дүн нь 95.5 сая ам.доллар болсон. Харин долоодугаар сард нийт 19 арилжаа зарласнаас 16 нь амжилттай болж, 1.024.000 тн нүүрс арилжаалан 63.2 сая ам.долларын орлого олсон.
Онцгой дэглэм тогтоосноос хойш Биржийн арилжаа илүү өссөн. Өөрөөр хэлбэл, нүүрсээ хүргэх хугацаан дээр илүү анхаарал тавьснаар худалдан авагчдын идэвхийг сэргээж байна. Ингэснээр долоо дугаар сард худалдан авалт илүү өслөө.
Манай бүтээгдэхүүний гол хэрэглэгч бол БНХАУ бөгөөд “Гашуунсухайт-Ганцмод” болон “Ханги Мандал” боомтоор экспортолдог.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон учраас хийгдэж байгаа бүх гэрээ нууцад орно гээд байгаа. Ямар хууль, журамд ийм зохицуулалт байгаа юм бэ? Нууцыг дагаад дахиад л эргэлзээ, хардлага үүснэ шүү дээ.
Би “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн маркетинг, боруулалтын газрын даргаар ажилладаг. Надаар дамжиж ямар нэг нууц гэрээ байгуулаагүй. Тийм чиглэл, зааварчилгаа ч ирээгүй.
Зөвхөн Биржээр дамжуулж цахимаар арилжих, үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлд анхааран ажиллаж байна.
Нүүрсний арилжааг долоо, долоо хоногоор төлөвлөөд явж байна.Энэ сарын 11-14-ны хооронд бид нэг сая тн нүүрс Биржээр арилжаалахаар төлөвлөн ажиллаж байна.