БНСУ-ын Jeollanam мужийн Naju хотын нэгэн үйлдвэрийн солонгос ажилчид хамт ажилладаг Шриланка улсын иргэнийг өргөгч (forklift) дээр уяж, бөөрөлхөн тохуурхахдаа хийсэн бичлэг нь нийгмийн сүлжээгээр тарснаар уг асуудал олон нийтийн дургүйцлийг төрүүлээд буй.
Бичлэг үзэх:
Тус улсад гэрээгээр болон хууль бусаар ажиллаж буй гадаад иргэд төдийгүй солонгосчууд өөрсдөө, түүнчлэн хүний эрхийн байгууллагууд энэ мэтээр гадаад ажилчдыг ялгаварлан гадуурхаж байгааг шүүмжилж, байр сууриа илэрхийлсээр байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён “Харсан зүйлдээ итгэхэд бэрх байна” хэмээн мэдэгдэж, хуулийн байгууллагуудад гадаад ажилчдад тулгамдаж буй хүний эрхийн зөрчлүүдийг мөрдөн шалгах чиглэл өгсөн. Үүний дагуу БНСУ-ын Хөдөлмөрийн яам болон цагдаагийн байгууллагууд хяналт, шалгалт эрчимтэй явуулж байгаа талаар солонгосын хэвлэлүүд бичсээр байгаа юм.
Шриланк залуу “Тэд намайг нэрээр минь хэзээ ч дуудаж байгаагүй. Харин харааж зүхэх нь их” хэмээн хэвлэлийнхэнд ярьсан. Тиймээс Жолланам мужийн Түр ажилчдын төвөөс гадаад ажилчдыг нэрээр нь дуудаж байх кампанит ажил өрнүүлж, үүнд Ульсан, Хаенамгүн, Жансенгүн, Mүангүн зэрэг газрууд нэгдэн, олон зуун ажилчдын малгайнд нэр бүхий наалт наажээ.
Жолланам мужийн тухайд гадаад ажилчдын тоо 2023 онд 86,729 болж, өмнөх оныхоос 18.5%‑иар өссөн байдаг. Энэ үйл явюдлаас улбаалан орон нутгийн захиргаа гадаад ажилчдын нийгмийн хамгаалалд анхаарч эхэлсэн байна.
БНСУ-ын хүн амын дундаж наслалт нэмэгдэж, нийт хүн амын дунд ахмад настнуудын эзлэх хувь тогтвортой өсөж, хүүхэд, залуучуудын эзлэх хувь буурсаар байгаа. Тиймээс зарим салбарт нүүрлэж, бүр ноцтой хэмжээнд хүрээд буй ажиллах хүчний хомсдолыг шийдэж өгч байгаа гадаадын иргэдэд хүндэтгэлтэй хандахыг нийгэм, цаг үе шаардаж буй.
Ийнхүү гадуурхагдсан Шриланка залуугийн асуудал олон нийтийн анхаарлын төвд орсноор хүний нутагт эрх нь зөрчигдсөөр ирсэн нийт гадаад ажилчдын эрх ашгийг хамгаалах кампанит ажил болтлоо хүрээгээ тэлсээр байна. Энэ нь тус улсад ажиллаж, амьдарч буй 60 мянга орчим монголчуудад маань ч бас сайн хэрэг.