Э.Ирэхбаяр
Редактор
Боловсрол
2025.08.05 15:23
1607
М.ЦОГЗОЛМАА: Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 18-нд, ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл 26-нд дуусна

Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж буй тул Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга М.Цогзолмаагаас бэлтгэл ажлын талаар тодрууллаа.

Энэ намар хичнээн хүүхэд сургууль, цэцэрлэгт суралцахаар бүртгүүлээд байгаа вэ?

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-MONGOLIA системээр дамжуулан энэ сарын 04-ний өдрөөс хүлээж авч эхэлсэн, 18-нд дуусна.

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэгчдийг энэ сарын 12-ноос 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан бүртгэх юм.

Хэдийгээр цэцэрлэгийн бүртгэл дуусаагүй, сургуулийнх эхлээгүй байгаа ч гэсэн хүн амын динамик өсөлтийг харгалзан үзэхэд урьдчилсан байдлаар энэ хичээлийн жилд нийт 256 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар байна. Үүнээс 135,6 мянга нь нийслэлд хамаарч байгаа юм.

Ерөнхий боловсролын сургуулийн тухайд, урьдчилсан байдлаар 826,8 мянган хүүхэд суралцах төлөвтэй байгаагаас 78200 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцахаар байна.

Энэ хичээлийн жилд нийт 1426 цэцэрлэгт 40 мянга орчим багш ажиллана. Үүний 12 мянга нь үндсэн багш. Харин 895 ЕБС-д 63 мянга орчим багш, ажилтнууд ажиллаж байгаагаас 40 мянга нь багш нар байгаа юм.

Жилийн жилд тулгамддаг хичээлийн байрны хүрэлцээг хэр дээшлүүлж чадав?

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,426 сургуулийн өмнөх боловсролын байгууллага, 895 ерөнхий боловсролын сургууль үйл ажилагаа явуулж байна.  

Ирэх хичээлийн жилд боловсролын салбарт нийт 78 барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар таван сургууль, таван цэцэрлэг, нэг цогцолбор, 150 хүүхдийн ортой дотуур байрыг ашиглалтад хүлээж аваад байна. Түүнчлэн засвар үйлчилгээнүүдийг төлөвлөгөөний дагуу хийгээд явж байгаа.

Тэгвэл багшлах боловсон хүчний хүрэлцээ хэр байгаа вэ? Энэ салбарт ажиллах хүмүүсийг татах чиглэлээр тодорхой шийдвэрүүд гаргасан, үр дүн нь хэр байгаа юм бол?

Улсын хэмжээнд төрийн өмчийн цэцэрлэгүүдэд 36,4 мянган багш, ажилтан, үүнээс 12 мянга орчим нь багш байгаа юм. Ерөнхий боловсролын 895 сургуульд 63 мянга гаруй багш, ажилтан ажиллаж байгаагаас 40 мянга орчим нь багш нар.

Энэ хичээлийн жилээс эхлэн гурав болон дөрөвдүгээр ангид англи хэлний хичээл орох болсонтой холбогдуулан 900 орчим англи хэлний багш шаардлагатай байгаа. Гэсэн хэдий  ч эхний удаад бага ангийн багш нараа сургалтад хамруулж, дотоод нөөц бололцоогоо дайчилж байна.

Мөн бага боловсролын болон байгалийн ухааны багш нар дутагдалтай байгаа. Багшийн хэрэгцээг нөхөн хангахын тулд бодлогын зүгээс олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, төгсөж байгаа оюутнуудыг ажлын байранд гаргаж байна. Ажлаасаа гарч байгаа багш нарыг судалгаанд хамруулж, дүгнэлт хийлээ. Мэдээж, энэ бол багш нарын нийгмийн хамгаалал, цалин хөлстэй холбоотой асуудлууд байгаа бөгөөд үүнийг шийдэх арга замыг эрэлхийлж байна. Мөн мэргэжлээрээ ажиллахгүй байгаа багш нарын судалгааг хийхэд нэлээд өндөр хувьтай байна. Тиймээс багш нарыг эзэмшсэн мэргэжлээрээ салбартаа ажиллахад нь чиглэсэн бодлого хэрэгжүүлж байгаа.

Хичээлийн шинэ жил эхлэх бүрд сурах бичгийн хүрэлцээ, агуулга, чанартай холбоотой гомдол, саналууд гардаг. Энэ жилийн тухайд сурах бичгийн хангамж хэдэн хувьтай байгаа вэ? Шинэчлэл хэр хийсэн бэ?

Боловсролын багц хууль баталсан мөн сургалтын хөтөлбөрийг шинэчилсэнтэй холбогдуулан сурах бичгийг шинэчлэн боловсруулах ажил 2022 оноос эхэлсэн. Энэ хичээлийн жилийн тухайд, СӨБ-ын сургалтын хөтөлбөрийг шинэчлэхээр бэлтгэлээ хангаад байна. Үүнд багшид зориулсан гарын авлага болон таван настай хүүхдийн дасгал ажлын дэвтэр гэхчлэн нэрлэж болно. Бага ангийн хүүхдүүдийн тухайд, сурах бичгээр бүрэн хангагддаг. Харин ахлах, дунд ангийнханд түрээсийн сурах бичиг хэрэгждэг. Сурах бичгийн нөхөн хангалт харьцангуй сайн байгаа.

Үндсэн хөтөлбөрт тусгагдсан сурах бичгүүдээс гадна зарим багш нар өөрсдийн гаргасан номоо шавь нартаа шахах байдал бас цөөнгүй ажиглагддаг л даа. Тийм тохиолдолд тухайн бүтээл нь сургалтын агуулга, стандартыг хангаж чадаж байгаа эсэх дээр яамнаас хяналт тавьдаг уу?

 Багш нар сургалтын агуулга, хөтөлбөрт нийцсэн сурах бичиг, гарын авлага боловсруулж гаргадаг. Үүн дээр салбарын яамнаас хяналт тавих, тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоох зохицуулалтууд бий.

Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт энэ жил шинээр орж ирж байгаа хөтөлбөр бий юу? Жишээлбэл, хиймэл оюун ухаан, код бичих гэх мэт?

Ирэх хичээлийн жилээс нэгдүгээр ангиас Компьютерын ухааны хичээл ордог болно. Боловсролын ерөнхий хуульд англи хэлийг гадаад үндсэн хэл болгохоор заасны дагуу энэ хичээлийн жилээс гуравдугаар ангиас эхлэн үзэхээр болсныг түрүүнд хэлсэн.

Эрүүл мэндийн болон санхүүгийн боловсрол хүн бүрд хэрэгтэй байдаг. Энэ чиглэлээр мэдлэг олгох хөтөлбөр хэддүгээр ангид ордог юм бол?

Эрүүл мэндийн боловсрол олгох хичээл бага ангиас эхлэн ордог. Шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн хөтөлбөрийг ч мөн шинэчлэн боловсруулсан. Тухайлбал, эрүүл зөв хооллох зэрэг ахуйн зөв дадал зуршлууд олгоно гэсэн үг.

Санхүүгийн боловсрол олгох бие даасан хөтөлбөр одоогоор байхгүй. Гэхдээ нийгэм болон байгалийн ухааны хичээлүүдэд тодорхой хэмжээгээр тусгаад явж байгаа.

Тухайлбал, өнгөрсөн хичээлийн жилд гэхэд бид Монголбанк болон СЗХ-той хамтраад ахлах ангийн хүүхдүүдэд санхүүгийн боловсрол олгох төсөл хэрэгжүүлж, мөнгөтэй хэрхэн харьцах вэ, хэрхэн хуримтлалтай болох вэ гэх мэт агулга тусгасан. Төслийн үр дүн сайн гэж үнэлэгдсэн тул энэ жил дахин хэрэгжүүлнэ.

Хөдөө орон нутагт дотуур байрны хүрэлцээг нэмэгдүүлж чадсан уу? Гэрээсээ хол байгаа хүүхдүүдэд хоолны амт чанараас эхлээд амьдрахад таатай орчин чухал. Энэ тал дээр ямар өөрчлөлт хийж байгаа вэ?

Дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг өнгөрсөн жил нэмсэн. Тиймээс хоолны чанар, хүртээмж сайжирсан. Мэдээж амьдрах орчныг сайжруулах чиглэлд зөөлөн эдлэл, материалын зардлыг шийдэх гэх мэт асуудлууд бий. Тиймээс өнгөрсөн хичээлийн жилд 2025-2028 онд хэрэгжих Дотуур байрны цогц төлөвлөгөөг боловсруулаад хэрэгжүүлж байгаа.

Ирэх жил хөрөнө оруулах шаардлагатай барилга байгууламжийнхаа судалгааг хийгээд явж байгаа. Ирэх 2026 оныг БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ гэж Засгийн газар зарласан. Тиймээс хөрөнгө оруулалтын хүртээмж, үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэлээр ажиллах хамтарсан багийг байгуулан ажиллаж байгаа.

Мэдээлэл өгсөнд баярлалаа.