Э.Ирэхбаяр
Редактор
Нийгэм
2025.08.05 17:59
16388
Ц.ТҮВШИНТӨГС: Өдөртөө автобусанд хүүгээ хэд тойруулаад унтуулахад цаг хурдан өнгөрдөг ч шөнө маш урт санагддаг

Масс.мн сайт өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Ц.Түвшинтөгс бүсгүйд туслах хандивын аяныг эхлүүлсэн. Энэ хугацаанд түүний харьяалагддаг хорооноос “Газраа олчихвол тавилгатай гэр өгье.” гэсэн санал тавьсны дагуу бид СХД-ийн Засаг даргатай холбогдсон. Засаг даргын зүгээс холбогдох газруудад чиглэл өгсөн гэсэн хариу өгөөд байгаа.

Ц.Түвшинтөгс хүүгийн хамт өнөөдрийг хүртэл “Хүүхэд хамгаалах 108” төвд амьдарч байгаа. Тус төвийн зүгээс Ц.Түвшинтөгсийг хүүгийн хамт өөрийн гэсэн орон байртай болтол хамгаалах байрандаа байлгахаа  илэрхийлсэн.

Өнөөдрийн байдлаар түүний дансанд 6.5 сая төгрөгийн хандив хуримтлагдаад байгаа юм.

Энэ удаа манай сэтгүүлч Г.Цэнд-Аюуш иргэн Ц.Түвшинтөгстэй гурав дахь удаагаа уулзаж ярилцлаа. Тэрээр хэлэхдээ:

Би 37 настай. Төрөлхийн хараагүй. Бариа засалч мэргэжилтэй. Энэ чиглэлээр бариа заслын төвүүдэд мөн хувиараа ажиллаж байсан.

Түр хамгаалах байрны орчин нөхцөл нь таалагдаж байгаа. Хоол унд сайтай. Хүмүүс нь ч гэсэн сайхан үйлчилдэг.

Хандив өгч байгаа монголынхоо ард түмэнд маш их талархаж байгаагаа илэрхийлье. Сэтгэгдэл бичиж, цааш хуваалцаж, түгээлцэж байгаа хүн бүрд маш их баярлалаа. Орон гэртэй болчих юм бол шууд ажилдаа ороод бүх хүмүүст сайхан үйлчилнэ ээ.

Хорооны нийгмийн ажилтан өнгөрсөн пүрэв гарагт ирж уулзсан. “Хашаандаа буулгачих ах, дүү, хамаатан садан байгаа юу?” гэж асуусан. Би өөрөө дур мэдэж хэлж мэдэхгүй байна. Хандивыг зохион байгуулж байгаа сайтынхантайгаа ярилцъя гэж хэлсэн.

Гэхдээ ах, дүү нарынхаа хашаанд буулаа гэхэд хандивын мөнгө дуусахаар ирээд дарамтлаад байх вий гэж эмээж байна. Өмнө нь хамт амьдарч байхад “Эмэгтэй юм байж, айл айлд амьдрахаа болиоч. Нийтийн байр ч болтугай түрээслээд амьдар” гэж загнаж байсан. Гэхдээ манай хамгаалах байрны ахлах багш надад их сайхан үг хэлж тайвшруулсан. Хаана, аль хороонд байна, тэнд чинь хорооны нийгмийн ажилтнууд очиж, эргэж тойрч байх болно гэсэн.

Таны хувьд өдөртөө автобусны сандал дээр хүүгээ унтуулж, шөнөдөө GS25, CU гэх мэт газруудад хоног төөрүүлж байсан. Тэр байтугай ATM-ийн жижигхэн кабинд хүртэл хоноглож байсан гэж бидэнд өмнө нь ярьж байсан. Энэ талаараа...

Тийм ээ, өнгөрсөн цагаан сараас хойш хүүтэйгээ хамт иймэрхүү байдалтай амьдарч байгаа. Өдөр гайгүй хурдан өнгөрчихдөг. Автобусны жолооч нарт “Очих газаргүй юм аа, хүүгээ хэд ойруулаад, жаахан унтуулчихъя” гээд үнэнээ хэлэхэд ойлгож зөвшөөрдөг.Зарим нь бүр хоол хүртэл өгдөг. Харин шөнө ерөөсөө дуусаж өгдөггүй. Толгойтод нэг ахындаа сар гаран амьдарсан. Зулай зулайгаа гишгэж төрсөн ах дүүсээсээ би мөнгөн тусламж хүсээгүй. Зүгээр л сэтгэлийн дэм өгөөсэй гэж хүссэн.

Би Төв аймгийн Бүрэн сумынх. Тийм болохоор аймгийнхаа төвд очвол түр байрлах газар олдох болов уу гэж найдаад очсон. “Аз жаргалын өргөө” төвийг хариуцдаг Батцэцэг гэж дарга надад “Амьдрах байраа олчих юм бол төвдөө түрээс авахгүйгээр ажлын байр гаргаж өгье. Гэхдээ хот шиг тийм олон хүн бариулахгүй байх шүү” Гэсэн. Тэнд амьдрах газар олдоогүй учраас Улаанбаатарт буцаж ирсэн. Би Улаанбаатарт шилжиж ирсэн болохоор эндээ газрын асуудлаа шийдүүлчих юм бол хорооноос орон гэр шийдээд өгнө гэсэн.

Миний байрлаж байгаа хамгаалах байрны нэг багш надаар гурван удаа бариулж, 100 мянган төгрөг өгсөн. Би бас тэр төвд байгаа хүүхдүүдэд жаахан ч гэсэн буян болъё гэж бодоод өнөөдөр бариа хийж өгсөн.