Дундговь аймгийн төвд амралт зугаалгын бүс, соёлын бүс бүхий "Мандалговь" цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун бүтээн байгуулалтын ажлын явц, нөхцөл байдалтай танилцан, газар дээр нь ажиллаж, гүйцэтгэгч компанийн төлөөллөөс гүйцэтгэл, ажлын явцын талаар мэдээлэл сонсож, холбогдох үүрэг, чиглэлүүдийг өглөө. Тус цэцэрлэгт хүрээлэн нь оршин суугчдын амарч зугаалах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор баригдаж байгаа бөгөөд барилгын явц, төлөвлөгөөт ажлуудтай холбоотой асуудлуудад анхаарч, цаашид шуурхай уялдаа холбоотой ажиллах үүрэг чиглэлийг гүйцэтгэгч талд өгсөн байна.
Амралт зугаалгын бүсийн ажлыг Мээжийн хишиг ХХК 5,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байна. Тухайн бүсийн гүйцэтгэлийн явц 83 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд задгай театр, цэцгэн талбай, худалдаа үйлчилгээний талбайн тэгшилгээ, явган хүний зам, гүйлтийн зам, гэрэлтүүлэг, усан оргилуурын суурь, боловсон нойлын ажлууд хийгдэж байгаа юм.
Соёлын бүсийн ажлыг Мандал шилтгээн ХХК 1,5 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэж байгаа аж. Тус бүсэд зогсоол, хашаа, боловсон нойл, камержуулалт, гэрэлтүүлэг, гулсуурын ажлыг гүйцэтгэж байгаа юм. Ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна.