“ДЦС-3” ТӨҮГ дээр энэ оны 6 дугаар сарын 2-ны өдөр гэмтэл гарсан. Энэ гэмтлийн улмаас уг тоног төхөөрөмж болон түүнийг агуулдаг барилга байгууламж галд өртсөн. Гэтэл саяхан буюу энэ сарын нэгний өдөр уг үйлдвэр дээр дахин гэмтэл гарсан гэдэг бичлэг олон нитийн сүлжээнд цацагдсан. ЗГ-ын Бүрэн эрхэт төлөөлөгч Н.Тавинбэхийг үйлдвэрт гарсан ослын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ:
Миний бие БЭТ-өөр томилогдоод 47 хонож байна. Сэргээн босголтын хүрээнд хийгдэх ёстой дөрвөн ажлаас өнөөдрийн байдлаар энэ онд хийгдэх ёстой хоёр ажил амжилттай хэрэгжиж байна. Гүйцэтгэлийн явцаас харахад, төлөвлөсөн хугацаандаа амжиж ашиглалтад орж, нийслэлийн дулаан хангамж болон улсын хэмжээнд нийлүүлдэг цахилгаан хангамжийг хэвийн хэмжээнд нийлүүлнэ. Ингэснээр өвлийн их ачааллыг давах боломжтой болно.
Үйлдвэрийн тухайд, 1004 ажилтантай, 198 мбв хүчин чадалтай, стратегийн томоохон ач холбогдолтой, ашиглалтад ороод 60 орчим жил болж байгаа, техникийн насжилт нэлээд өндөрт болсон. Олон хүнтэй, тасралтгүй, нарийн үйл ажиллагаатай, техникүүд нь насжилт өндөртэй учраас гэмтэл саатал гардаг. Ийм технологийн саатал 8 дугаар сарын нэгний өдөр дахин гарсан. Энэ бол анх удаа гарсан юм биш. Өмнө нь ч гарч байсан.
Онцгой дэглэм тогтоож, сэргээн босголтын ажил идэвхтэй хийгдэж байгаа энэ үед дотроосоо мэдээлэл гаргаж байгаа нь туйлын зохимжгүй хэрэг гэж үзэж байна. Гарсан гэмтлийг засварлах ажил эхэлсэн, долоо хоног үргэлжилнэ. Энэ удад гэмтсэн зуух нь ашиглалтад ороод тавь орчим жил болсон, нэлээд өндөр насжилттай. Өнгөрсөн өвөл ийм зуух 15 удаа гэмтсэн, тухай бүрд нь засварлаад хэвийн ажиллагаанд оруулаад явсан.
ЗГ-аас томилогдсон БЭТ-ийн хувьд үргүй зардлыг багасгах, орон тоог оновчтой болгох, ялангуяа худалдан авахтай холбоотойгоор гардаг зөрчлүдийг арилгах чиглэлүүдээр нэлээд хатуу арга хэмжээ авч ажиллаж байгаа. Харамсалтай нь үүнд дургүйцэж байгаа хүмүүс байх шиг байна. Тэдгээр хүмүүс хэвийн гардаг гэмтэл, саатлыг нийгэмд сүртэйгээр мэдээлж, буруу ойлголт түгээж, сэргээн босголтын ажилд саад учруулж байна гэж ЗГ-аас томилогдсон БЭТ-ийн хувьд үзэж байна. Тиймээс хуулийн байгууллагад өгч, шалгуулна.
Гэлээ гээд бид шантрахгүй, ЗГ-аас өгсөн чиглэлийн дагуу шинэчлэл хийх ажлаа үргэлжлүүлнэ. Олон жил жил ужгирч, бугшчихсан зүйл учраас амар зүйл биш байна.
Үйлдвэрлэлийн осолд орсон нөхдөдөө туслахын оронд бичлэг хийгээд гадагш зардаг хүн энэ хамт олон дунд байх ёсгүй. Энд ажил хийдэг, мэргэжлийн хүмүүс байх ёстой хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад мөн хариулав.
Та түрүүнд тоног төхөөрөмжүүд насжилт өндөртэй гэж хэлсэн. Үйлдвэрээсээ хэдэн жил ашиглах боломжтойгоор бүтээгддэг юм бол?
Тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа 25 жил байдаг. Энэ хооронд их засвар хийвэл ашиглалтыг тодорхой хугацаагаар сунгах боломжтой байдаг. Гэхдээ энэ станцын нийт тоног төхөөрөмжийн 70 хувь нь ашиглалтын хугацаа нь дууссан байгаа. Үүнээс 60 орчим хувь нь цаашид засвар хийх боломжгүй, бүрэн шинэчлэх шаардлагатай байгаа.
Шинэчлэлийг хэзээ хийж дуусах вэ?
Одоо худалдан авах ажиллагаа буюу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шатандаа явж байгаа. Сэргээн босголтын ажилд ЗГ-аас онцгой анхаарч, 2025 оны төсвийн тодотголоор 50 мбт-ын нэг, 25 мбт-ын нэг, нийт 75 мбт хүчин чадалтай хоёр машиныг бүрэн шинэчлэхээр төсвийг нь тусгасан. Одоо худалдан авах ажиллагаа буюу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шатандаа явж байгаа.Энэ ажил амжилттай хэрэгжиж дууссанаар манай станцын тоног төхөөрөмжийн 70 хувь нь шинэчлэгдэж, станц ажиллах хугацаа дахиад 30-40 жилээр сунгагдана.
Шинэчлэх хоёр трубин Монгол Улсад үйлдвэрлэдэггүй, үндэсний аж ахуйн нэгжүүд бие даан хийх боломжгүй, нарийн технологитой тоног төхөөрөмжүүд. Тиймээс бид энэ чиглэлээр мэргэшсэн дэлхийн компаниудтай хамтарч ажиллана. Тэдгээр компаниас урьдчилж өгсөн саналаар 12-16 сар үргэлжлэх төлөвтэй байгаа. Энэ жилийн хувьд трубиныг шинэчлэх ажил амжихгүй. Ирэх оны 11 дүгээр сарын нэгний өдрөөс өмнө дуусгахаар ажиллаж байна.
Энэ жилийн хувьд барилгаа дуусгана. Дулааны үйлдвэрлэлийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд нэмэлт арга хэмжээнүүдийг аван ажиллаж байна.
Үндэсний компаниуд барилга угсралтын ажлыг бие даан гүйцэтгэнэ.
Энэ өвлийг осол авааргүйгээр өнгөрүүлэх итгэл хэр байгаа вэ?
Өнөөдрийн байдлаар ажил хэвийн явагдаж байна.
Энэ зун гарсан хоёр ослын шалтгааныг тодорхойлсон уу?
2025 оны 6 дугаар сарын 2-ны өдөр болон энэ сарын 2-ны өдөр гарсан гэмтэл хоёулаа хуучралтаас үүдсэн. Трубин болон зуухны экран хоолой нимгэрснээс болж, зуухыг зогсоохоос аргагүй нөхцөлд хүрдэг. Трубины хувьд ослын дүгнэлт эцэслэж гараагүй учраас одоогоор тодорхой юм хэлэх боломжгүй байна. Албан ёсны дүгнэлтийг мэргэжлийн байгууллага гаргах ёстой.
Жил бүр тоноглол ашигладаг заавар графикын дагуу бололцоогоороо засвар үйлчилгээ хийгээд явж байгаа. Тийм ч учраас 20-30 жил ашиглах ёстой тоног төхөөрөмжийн 50-60 жил ашиглаад явж байна. Гэхдээ энэ нь цаашид энэ байдлаараа яваад байж болно гэсэн үг биш.