УИХ-аар 2010 онд батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Засгийн газрын 2025 оны 21, 86 дугаар тогтоолын дагуу төмөр зам, авто зам, нисэх онгоцны буудал бүхий тээврийн томоохон зангилаа логистик төвийг байгуулж, дамжин өнгөрүүлэх болон экспорт, импортын ачаа эргэлтийг хангах зорилгоор Багахангай өртөөний 3-р замаас салаалж, Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.
Тус төмөр зам нь ачаа тээврийн зориулалт бүхий гуравдугаар зэрэглэлийн 102,5 километр урттай, 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 километр урт гүүрэн байгууламжтай, манай улсад баригдаж буй анхны салбар төмөр зам юм.
Төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцан ажиллаж байна.
Энэхүү бүтээн байгуулалтын ажилд одоогоор дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер техникийн ажилтан, 1453 ширхэг тоног төхөөрөмж, техник хэрэгсэл ажиллаж байна.
Одоогийн байдлаар зураг төсөл судалгааны ажлын явц 95.8%, доод бүтцийн газар шороо, ус өнгөрүүлэх хоолойн ажил 60%, дөрвөлжин хоолойн ажил 44%, дам нуруут гүүрний ажил 65.3%, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шилжүүлж, өндөрлөх ажил 75%, шилэн кабель шилжүүлэх ажил 70%-ийн гүйцэтгэлтэй байна.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нийслэл Улаанбаатар хот, тээвэр логистикийн гол зангилаа бүс болох Хөшигийн хөндийтэй төмөр замаар холбогдож, улс орны хөгжилд стратегийн чухал нөлөө үзүүлэхээс гадна Хөшигийн хөндийд баригдах “Тээвэр логистикийн төв”, Хүннү хотыг барьж байгуулах суурь нөхцөл, тээврийн дэд бүтцийн боломж бүрдэнэ.
Төсөл хэрэгжсэнээр жилд өссөн дүнгээр 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотод оруулахгүй, шинээр баригдах “Тээвэр логистикийн төв” рүү тээвэрлэнэ гэж төлөвлөж байна. Ингэснээр Нийслэлийн төмөр зам, автозам огтлолцдог гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд зориулж хоногт дунджаар 144 минут авто замын хөдөлгөөн хаадаг хугацаа 21-120 минутаар багасгаж, автозамын түгжрэлийг бууруулахад нөлөөлнө.