Боловсролын салбарт захиргааны түвшинд боловсон хүчний давхардлыг арилгаж, багш нарыг цомхотголд оруулна гэх мэдээлэл гараад байгаа юм. Харин тус асуудалтай холбогдуулан БШУЯ-аас мэдээлэл хийлээ.
Д.Гантулга Боловсролын сайдын зөвлөх: Боловсролын салбарт ЕБС, СӨБ, мэргэжлийн боловсролыг оролцуулаад нийтдээ 94 мянга орчим багш, ажилтан, алба хаагчид ажилладаг. Үүний 48 мянга орчим нь багш нар байдаг. Багш нарыг цомхотгоно, хална гэсэн ойлголт байхгүй.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3 мянга орчим багшийн дутагдалтай байгаа. Тиймээс багш нарыг цомхотгохгүй.
Харин Засгийн газрын барьж буй бодлогоор төрийн албан хаагчдыг цомхотгох гэдэгт багшаас бусад алба хаагчид дээр яригдаж байгаа асуудал. Боловсролын салбарт 4 мянга орчим хүнийг хална гэх буруу мэдээлэл гараад байна. Нэг ч багш ажлаасаа халагдахгүй. Энэ 4 мянга гэж яриад байгаагийн 2 мянган ажлын байр нь хүнгүй сул байгаа. Мөн үлдсэн дээр нь хүүхдийн тоо өсөхөөр албан тушаал нэмэгддэг.
Харин цомхотголд боловсролын удирдлагын байгууллагууд, Боловсролын яам, харьяа байгууллагуудаас цомхотгож байгаа. Чиг үүргийн чиглэлийн дүн шинжилгээ хийгээд, төрийн албаны цомхотгол шинэчлэл хийгдэж байгаа.