Э.Ирэхбаяр
Редактор
Эдийн засаг
2025.08.07 17:07
896
Б.ДЭЛГЭРСАЙХАН: Багахангай-Хөшигтийн чиглэлийн төмөр замыг “Тавантолгой төмөр зам” ХХК санхүүжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.08.07/ Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажитлтай танилцсан. Энэ үед  Зам тээврийн хөгжлийн сайд Дэлгэрсайханаас төслийн талаар тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:

Ерөнхий сайд газар дээр нь ирж танилцлаа. Энэ том бүтээн байгуулалтыг үндэсний 62 ААН, 2700 гаруй мэргэжлийн инженер, техникийн ажилтнууд, 1453 тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэйгээр оролцож, нийт ажлын 60 гаруй хувийг гүйцэтгэж байна. Гүүрийг 9 дүгээр сарын 20-доор дуусгачих юм байна.

Багахангай талаасаа дэд бүтцийн ажлуудыг эхлүүлээд явж байна. Эхлээд бетонон дэрийг тавьж, дараа нь хайргаа чигжинэ гэсэн үг. Дэд бүтцийг бол 11 сар хүртэл гүйцэтгэхэд асуудалгүй. Харин газар шорооны ажлыг дулааны улиралд хийж дуусгах ёстой. Гурван сар хийх газар шорооны ухмалын ажлыг дотоодын компаниуд хоёр сарын хугацаанд багтааж гүйцэтгэлээ.

Хэрвээ бид гадны томоохон компаниудыг оролцуулсан бол мөнгө санхүүгийн хувьд бэрхшээл гарахгүй байсан. Гэхдээ дотоодын ААН-үүдээ дэмжиж, хөл дээр нь босгох мөн том ажлыг хийж чадна гэдгийг харуулахыг зорьсон. Ийм гүүрийг манай аж ахуйн нэгжүүд гурав дахь төмөр зам дээрээ хийж байна. “Монголын төмөр зам” ХНН 105 тэрбум төгрөгийн санхүүжилт хийчихээд байгаа. Ерөнхий сайд сая газар дээр нь ирж танилцаад, үлдсэн санхүүжилтийг ЗГ-ын хуралдаанаар оруулж шийдвэрлэе гэлээ.

Терминаль дээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдэд төрөөс ямар дэмжлэг үзүүлэх вэ?

Терминалиа эхлүүлсэн. Ашиглалтад орохоор дотоодын ААН-үүдэд Хөшигтийн хөндийд 400 га газрыг тусгай хэрэгцээнд зориулж, үнэ төлбөргүй олгоно. Компаниуд шинэ газарт ирж суурьшихын тулд зардал гарна, тэр зардал дээр нь ч гэсэн бид ярилцана, хохироохгүй.

Мөн Улаанбаатар руу орох дэд бүтцийг нь хамт шийдвэрлэнэ. Эхний ээлжид Дундговь, Төв аймгийн зам руу нийлэх 8.2 км, дөрвөн эгнээ хатуу хучилттай зам тавихаар төсөвт  тусгасан байгаа.  Төв аймаг болон Дундговийн дөрвөн салаа замд нийлэх нийт 31 км авто замыг дөрвөн эгнээ болгох ажлын санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгах саналаа өгсөн байгаа. Шийдэгдчих байх. Бүх дэд бүтцээ шийдэж байж, аж ахуйн нэгжүүд нүүж ирж, ачаа бараагаа авна гэж тооцоолж байгаа гэв.

Бид Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад нэмэр болгох үүднээс том терминаль байгуулж, тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлдэг олон компанийг нааш оруулж ирэхийн тулд төрөөс дэмжлэг үзүүлнэ. Хэн түрүүлж ирсэнд нь хамгийн боломжтой газрыг олгоно. Аль болох богино хугацаанд эргэлтэд оруулахад онцгой анхаарч байна. “УБТЗ” ХНН-ээс өгсөн мэдээллээр жилдээ 40 мянган контейнертэй машин тэрэг, хүнс, бараа, 17 мянган крийтив вагонтой хүнсний ногоо орж ирдэг. Бүгд Багахангайгаас салаад энд бууна гэсэн үг. Тэр бүх нөхцөл бололцоог бүрдүүлж өгнө.

Энэ том бүтээн байгуулалтын ажил санхүүжилт нь тасалдаад гацчих юм биш биз гэсэн болгоомжлол бас байна л даа...?

“МТЗ” ХНН-ийн хувьд  хэд хэдэн газар үйл ажиллагаа явуулж байгаа. “Чайна энержи” групптэй Гашуунсухайт-Ганц модны боомт дээр 16 жилийн турш хамтран ажиллах гэрээ байгуулсныг та бүхэн мэднэ. Энэ хугацаанд 247 сая тн нүүрс гаргахад 3.9 тэрбум ам.долларын ашигтай ажиллана. Энэ жилдээ 5 сая тн нүүрс нийлүүлнэ. Үүний бүх ачилтыг “Тавантолгой төмөр зам” ХК гүйцэтгэнэ.  Эндээс олсон орлогоороо зээлээ төлөөд явах боломжтой.

Дотооддоо түр зуур гүүрэн зээл авна. Гаднаас БНХАУ-ын Дэд бүтцийн хөгжлийн банканд саналаа өгсөн байгаа. Судалж байгаад оны дараа шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн байгаа. Гадны банкууд “Танайх нийгмийн асуудлаа маш сайн шийдвэрлэж байгаа дэд бүтэц болохоор зээл олгоход асуудал алга. Дээр нь “Чайна энержи” компанитай гэрээ байгуулсан 16 жилийн тээвэрлэлтийн гэрээ бидэнд баталгаа болж байгаа юм” гэсэн хариу өгсөн.