Өнөөдөр бол ААВУУДЫН ӨДӨР. 1909 онд АНУ-ын Вашингтон мужийн иргэн Sonora Smart Dodd гэх бүсгүй “Ээжүүдийн өдөр” шиг аавуудад зориулсан өдөр байх хэрэгтэй хэмээн анх “шүгэл үлээсэн” гэдэг. Түүний эцэг William Jackson Smart нь иргэний дайны ахмад дайчин бөгөөд эхнэр нь нас барсны дараа зургаан хүүхдээ ганцаараа өсгөжээ. Ингээд анхны “Аавуудын өдөр”-ийг 1910 оны 6-р сарын 19-нд Spokane хотод тэмдэглэснээр хожим дэлхийн олон оронд тэмдэглэдэг болон өргөжсөн байдаг. Манайд энэ өдрийг 21 дэх жилдээ тэмдэглэж байна.
Аливаа тэмдэглэлт өдөр нь тухайн асуудлыг олон нийтийн анхааралд оруулах, орхигдсоныг нэхэх, мартагдсаныг сануулах үндсэн зорилготой байдаг. Тэгвэл аавууд болон эрчүүдийн эрх ашгийг хангах, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлд бусад орнуудын сайн туршлагыг судалж үзлээ.
Австрали улсад “Men’s Sheds” хэмээх ахмад насны эрэгтэйчүүдэд зориулсан, эрүүл мэндэд нь эерэг нөлөө үзүүлдэг хөдөлгөөн байна. Энэхүү хөдөлгөөнд хамрагдсан эрчүүдийн дийлэнх нь өөртөө итгэх итгэл нь дээшилж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог болсон, эрүүл мэндийн талаарх хэрэгцээтэй, үнэн зөв мэдээлэл авч чаддаг болсон нь судалгаагаар тогтоогджээ.
Тэгвэл Канадын Оттава хотод “The Men’s Project” төслийн хүрээнд “Fathering program” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж, гэр бүлийн харилцаа болон сэтгэл судлалын талаар сургалт явуулдаг аж. Мөн хагацал үзэж, бэлэвсэрсэн эрчүүдэд сэтгэлзүйгээ хэрхэн удирдаж даван туулах талаар ч зөвөлгөө өгдөг байна.
Мөн улсын Ванкувер хотод “Heads Up Guys” хөтөлбөр хэрэгжүүлж, эрэгтэйчүүдэд сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, депресс, сэтгэл түгшүүр болон амиа хорлолтын эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн онлайн хэрэгслүүдээр дамжуулж өөртөө туслах, судалгааны хэрэгслүүдийг санал болгодог байна.
Австралийн “Top Blokes Foundation” ТББ нь залуучуудын сэтгэл зүйн болон нийгмийн хандлага, эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, 14-17 настай залуусыг 16-17 сарын “mentoring” хөтөлбөрт хамруулж, сургууль болон залуучуудын хөгжлийг дэмжих арга хэмжээг зохион байгуулдаг аж.
Их Британи улс эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд чиглэсэн стратеги дутагдалтай байгааг анхаарч, “Men’s Health: Lives of Men in Our Communities” тайланг гаргажээ. Уг тайланд бага орлоготой болон чинээлэг амьдралтай эрчүүдийн дундаж наслалт 10 жилийн зөрүүтэй байгааг тэмдэглэсэн байна.
Манай улсад иймэрхүү судалгаа хийгдээгүй байна. Хэрэв хийвэл үр дүн нь анхаарал татах л байх. Монгол аавууд хэнэггүй, эрүүл мэнддээ санаа тавьдаггүй, архи уудаг, амьдралын буруу хэв маяг, дадал зуршилтай гэх мэт шүүмжлэлүүд их байдаг ч тэдэнд үйлчилдэг байгууллага цөөхөн. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг хэдхэн эмнэлгээс өөр томоохон хөтөлбөр хэрэгжиж байсан удаа үгүй. Чухам энэ асуудлыг л бид энэ өдөр хөндөж дуугарах ёстой.