Э.Ирэхбаяр
Редактор
Орон нутаг
2025.08.08 18:01
854
Баруун-Уртынхан өглөөний дасгалаараа уралдаж байна

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газраас иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, өглөөний дасгал, хөдөлгөөнөөр дамжуулан эрүүл мэндийг дэмжих зорилгоор “ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД” аяныг 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл гурван сарын хугацаатай зарласан. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд тус сумын багийн иргэд мөн төрийн зарим байгуулага энэхүү уралдаанд оролцож, өглөө бүр дасгал хийж хэвшжээ.

Уралдааны удирдамжид зааснаар “Чингис хаан” дууны аянд ажлын байрны дасгал хөдөлгөөнийг хийх ёстой юм байна. Нэмээд өөрсдийн дуртай дасгал хөдөлгөөнөө хийдэг аж.

Тухайлбал, 6-р багийн иргэд өглөө бүр 06-07 цагийн хооронд эрүүл мэндийн дасгал болон ажлын байрны дасгал хийж хэвшсэн бөгөөд дасгалдаа ирэх иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, өдөрт дунджаар 15-20 хүн тогтмол ирдэг болоод байна. Дасгал хөдөлгөөн тогтмол хийх болсноор биеийн эрүүл мэнд сайжирч байгаа гэж иргэд сэтгэгдлээ хуваалцлаа.

Мөн зарим иргэд өглөөний дасгалаа хийчихээд санаачилгаараа ойр орчныхоо хогийг цэвэрлээд явдаг байна.

Сумын ЗДТГ болон Ахмадын хорооноос хамтран зохион байгуулж буй, 1.5 сая төгрөгийн шагналын сантай энэхүү уралдааныг дүгнэхдээ оролцогчдын ирц, гүйцэтгэл, хувцасны жигдрэл, тогтмол хийсэн зэргийг харгалзан шалгаруулах юм байна.

Сүүлийн жилүүдэд амьдралын идэвхгүй хэв маяг, хөдөлгөөний хомсдол нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зүрх судасны өвчин, чихрийн шижин, таргалалт зэрэг өвчлөлийн гол шалтгаан болоод байна. Нийт нас баралтын 6, хөхний болон бүдүүн гэдэсний хавдрын гол шалтгааны 20-25, чихрийн шижингийн 30, зүрх судасны өвчлөлийн 30 хувь нь хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй ажээ.

Иймд тогтмол хөдөлгөөнтэй байх нь эрүүл мэндийг сайжруулах, өвчлөх эрсдлийг бууруулах ач холбогдолтойгоос гадна физиологийн төдийгүй хувь хүний сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг.   

Бичлэг үзэх: