АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламж болон Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт нийт 461 сая ам.долларын санхүүжилт бүхий “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байна
Уг хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж буй дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажил 99.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Уг үйлдвэр Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрээс олборлох 50 хүртэл сая шоо метр усыг Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж, төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм.
Үйлдвэрийг хариуцан ажиллуулах Ус сувгийн удирдах газрын 27 инженер, техникийн ажилтан тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт тохируулгын шатнаас эхлэн дадлагажиж, өнгөрсөн 7 дугаар сарын 31-ний өдөр ажилдаа орсон байна.
Хөтөлбөр ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах, усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн харилцан уялдаатай гурван төслөөс бүрддэг. Хөтөлбөр цогц байдлаар хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл баруун зүгт тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган нар ус гүн цэвэршүүлэх үйлдвэрт өнөөдөр (2025.08.09) ажиллалаа.