Э.Ирэхбаяр
Редактор
Засгийн газар
2025.08.11 13:00
737
УОК-оос бэлчээрийн ногоон өвсийг хадаж, экспортлохыг хориглолоо

УОК-ийн III хуралдаанаар:

1.Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц

  1. Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц
  2. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон бусад асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэхдээ:

Эрдэс баялаг, аж үйлдвэрийн яамтай хамтран түлш шатахууны хомсдол болон үнийн хөөргөдлөөс сэргийлж шуурхай арга хэмжээ авах, аймаг, сумдын ШТС-уудад аймаг, сумдын хадлан бэлтгэхэд шаардлагатай түлш шатахууныг тасалдуулахгүй хангах чиглэл өглөө.  

Өвс тэжээлийн хангамж, нийлүүлэлттэй холбоотойгоор байгалийн буюу бэлчээрийн ногоон өвсийг хадаж, экспортлохыг хориглох шийдвэр гаргалаа. Дотооддоо өвс тэжээлийн боломжтой газраасаа боломж муутай аймаг сумдад нийлүүлэх ёстой. Отор, нүүдлээ сайтар төлөвлөн зохион байгуулж, аймаг, орон нутагт оторлох мал сүргийн бүртгэлийг сайтар хийж,  малын гоц халдварт өвчнөөс эхлээд ямар нэг хүндрэл бэрхшээл гаргахгүй байх тал дээр онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгаа. Хадлан тэжээл бэлтгэх боломжтой Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн бүс нутгийг хамгаалах, нөхөн сэргээх, хадлангийн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлого, арга хэмжээ авч ажиллахыг ХХААХҮ-ийн сайдад даалгалаа. Хадлан тэжээл бэлтгэх боломжтой орон нутагт их хэмжээний мал сүргээ авч оторлодог, улмаар бэлчээрийн хөрсийг доройтуулдаг байдал дээр тодорхой хяналт, зохицуулалт хийх шаардлагатай байна.

Боловсролын салбарт сургууль, цэцэрлэг орохоос өмнө барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд, стандартын дагуу гүйцэтгэх, хичээл сургалт явуулах нөхцөл боломжиоор бүрэн хангаж ажиллахыг боловсролын байгууллагуудад даалгалаа.

Эрүүл мэндийн салбарт улаан бурханаас эхлээд томуу, томуу төст өвчин, тэдгээртэй хавсарсан эрсдэлүүд дэгдээхгүй байх талаар урьдчилан сэргийлж, дархлаажуулах ажлыг эрчимжүүлж байна. Аль болох хүүхэд, багачуудад хүндрэл учруулахгүйгээр бэлтгэл хангах үүрэг өглөө.

Мөн нийслэлийн хүн амын махны нөөцийг бэлтгэх, үнийн хөөргөдлөөс урьдчилан сэргийлэх, махны хязгаарлалт, хомсдолыг бий болгохгүй байх талаар Нийслэлийн Засаг дарга болон ХХААХҮ-ийн сайдад чиглэл өглөө гэв.