Э.Ирэхбаяр
Редактор
Орон нутаг
2025.08.12 10:01
1840
Ой тэмдэглээд орон нутаг хөгждөг үү

Аялал зугаалга хийгээд найр наадмын улирал шувтрах дөхөж байна. Жил бүрийн зун өчнөөн аймаг, сумд 80, 90, 100 жил гэх мэт тэгш ойгоо тэмдэглэж, ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж очдог жишиг манай улсад хэдийнэ тогтсон.

Өнгөрөгч онд гэхэд л 330 сумаас 102 нь 100 жилийн ойгоо тэмдэглэж, улсаараа наадсаар зуныг барсан. Энэ зун ч ялгаагүй,  нэг аймаг, 24 сум 100 насны ойгоо тэмдэглэж, хаа сайгүй хандив өрнүүлцгээж, нутаг орноо гэсэн иргэд, бизнес эрхлэгчдийн мөнгө уул овоо мэт “босож”, уут уутаар урсан одлоо. Увсын 100 жил улсын наадмыг давлаа гэж улсаар шуугилаа. Сүхбаатар аймагт гэхэд л Дарьгангын хошууны зургаан сум 100 насны төрсөн өдрөө тэмдэглэв.

Наадам дуусаад харахад, газар нутаг нь талхигдан хоцорч, сум орон нь эзгүйрч, хэн хэн ирсэн хийгээд ямар бөх түрүүлж, хэний морьд айрагдсан тухай хэл яриа хэсэгтээ гол усаар нэг тархаж, тэгсхийгээд замхардаг.

Тэрбум, тэрбумаар нь цуглуулсан мөнгө нэгэн үдшийн шоу, дайллага цайллага, түрүү бөх, айрагдсан морьдын бай шагналд зарцуулагдаад, бууриа сахиж үлдсэн иргэдэд төдийлөн наалдсан юмгүй, орон нутагтаа ч бариад авах юмгүй дуусчихсан байдаг.

Хандивлагчдын зарим нь тэнгэрт дэвшсэн хайртай хүнийхээ дурсгалд зориулж, нутаг орондоо хөшөө, суварга босгох нь ч бий. Тэгвэл АНУ болон европын орнуудад хэн нэгнийхээ дурсгалыг мөнхжүүлэхдээ, бусдад буян үйлдэхдээ гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг нийтийн эзэмшлийн талбайд хөл амраах, тухлан суух сандал тавьдаг жишиг түгээмэл байдаг. Хэдхэн жишээ дурдъя.

Хайртай хүмүүсийнхээ дурсгалаар хөлийг тань амраадаг

АНУ-ын Нью-Йоркийн Central Park Conservancy 1986 оноос “Adopt‑A‑Bench” хөтөлбөр хэрэгжүүлж, паркийн 10,000 гаруй сандлыг арчилж, засварлах санхүүжилт хүлээн авч ирсэн. Эдгээр сандлаас 7,000 гаруй нь эзнээ олж, хандивлагчийнхаа нэрийг энгэртээ наасан байдаг.

Мичиган мужийн Портланд хотод үйл ажиллагаа явуулдаг “Polly Products” компани “Donate a Bench” хөтөлбөр хэрэгжүүлж, орон нутгийн аж ахуйн нэгжүүд болон иргэдэд эдэлгээ сайтай, чанартай сандлууд санал болгон, тэдний нэр бүхий пайзыг сандлууд дээр байршуулдаг.  

2023 онд Сан-Франциско хотын иргэн Вильям Беньямин Ben Bobo нас барахдаа хотынхоо "Recreation and Parks Department" хэмээх цэцэрлэгт хүрээлэнд 3.6 сая ам.долларыг өвлүүлж, үүний 80 хувийг цэцэрлэг хүрээлэнгийн урсгал зардал, арчилгаанд, үлдсэн 20 хувийг амьтдыг хамгаалахад зарцуулахыг гэрээсэлсэн байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагын шийдвэрээр 81 шинэ сандал суурилуулж, тэдгээр сандал дээр Ben Bobo-гийн нэрийн хуудсыг байрлуулжээ.

Мөн тус хотын иргэн Даралл Оуэнс болон Мингвэй Самуэл нарын санаачилгаар нутгийн иргэд нэгдэн, сандалгүй автобусны буудлуудад өөрсдийн бэлдсэн сандлыг байршуулж эхэлснээр нийт 77 сандал хандивын замаар суурилагдсан байдаг.

Лондон хот дахь Байгалийн Түүхийн Музей мөн зочид тухлан суух сандлууд дээр хандивлагчдын нэрсийг байршуулдаг. Тухайлбал, 5,000 фунт стерлинг хандивласан бол стандарт сандал дээр, 10,000 фунт стерлинг хандивласан хүмүүсийн нэрийг түүхэн дурсгалт сандал дээр байршуулдаг аж.

Армени улсын Ереван хотын “Vardanyan Family” сангаас тус хотын төвд “2800‑р ойд зориулсан цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулсан төдийгүй арчилгаа, үйлчилгээг дараагийн 99 жилийн турш хариуцах тохиролцоо хийсэн байна.

Бай шагналаар биш бүтээн байгуулалтаараа өрсөлдье

Гэх мэтчилэн олон жишээ дурдаж болно. Эргээд өөрсдийнхөө тухай яриа руу шилжье. Аливаа орон нутаг үүсгэн байгуулагдсан ой тэмдэглэх нь нутаг усаа нэг эргэх сэн гэсэн бодол сэтгэлийн чинддаа тээж явдаг ч ажил, амьдралынхаа завгүй хэмнэлээс гарч чаддаггүй хүмүүст зориглон очих сэдэл болдог, төрөлх нутагтаа аж төрж байгаа иргэд, албан байгууллагууд нь гадаад, дотоодоос ирэх зочдоо өнгөтэй өөдтэй угтах гэж хашаа хороогоо засахаас эхлээд эрвийх дэрвийхээрээ зүтгэдэг сайн талтай. Түүнчлэн хол, ойрын зочид нь хоёр, гурав хонохдоо тухайн сум, аймагтаа худалдан авалт хийж, нутгийн иргэд хөөрхөн орлого олчихдог.

Гэвчиг хураасан, цуглуулсан, үрсэн зарцуулсантай нь харьцуулахад бүтээн байгуулсан нь дэндүү чамлалттай байдаг. Нутгийн удирдлагууд сум, аймгаа босгох хүслийн жагсаалтаа хандивлагчдадаа танилцуулдаг ч арай дөнгүүр ивээн тэтгэгчид нь амбицдаа хөтлөгдөн, аанай л түрүү бөх, моринд арав, таван цаасаа харамгүй зардаг. Чухам энэ л үзүүлэлтээрээ бусад аймаг, сумдтай битүүхэндээ өрсөлддөг нь ч нууц биш. Угтаа бол хаваржин, зунжин ойдоо бэлдсэн нутгийн иргэддээ амьдрахад таатай орчин бүрдүүлэх, ажлын байр бий болгох зэрэг урт хугацаанд үр өгөөж өгөх зүйлд хөрөнгө мөнгөө зарцуулж байх нь л чухал юм сан.