Хичээлийн шинэ жил хаяанд ирлээ. Манай редакци “Хичээл эхлэхэд бэлэн үү” сэдвийн хүрээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл хэр хангагдаж байгаа талаар холбогдох газруудаас цуврал сурвалжлага хийн, үзэгч, уншигчдадаа хүргэж байгаа билээ.
Энэ удаа НБГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга О.Бадамсэрээжидээс сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн хүртээмжийн талаар тодрууллаа.
Хичээлийн шинэ жил эхлэх бүрд яригддаг, тулгамддаг асуудлын нэг бол сургууль, цэцэрлэгийн байрны дутагдал байдаг. Мэдээж, тухайн жилд шинээр элсэн суралцах хүүхдийн тоо төгсөж байгаа хүүхдүүдээс илүү бөгөөд өсөлттэй байвал тэр хэрээр байр савны асуудал яригдана. 2025-2026 оны хичээлийн жилд энэ асуудал ямархуу байдалтай байгаа вэ?
Тийм ээ, жил бүр 12 дугаар анги төгсөж байгаа болон нэг дүгээр ангид элсэж байгаа хүүхдийн тоо хоорондоо нэлээд зөрүүтэй байдаг. Сүүлийн жилүүдэд ЕБС-д суралцагчдын тоо жил бүр 20-30 мянгаар нэмэгдэж байгаа. 2028 он хүртэл өсөлтийн үе үргэлжилж, нийт 58 мянгаар нэмэгдэнэ гэсэн прогнозтой байгаа.
Цэцэрлэгийн тухайд, сугалаанд хожсон хүүхдүүд цэцэрлэгт явдаг байсныг 2022 оноос бүр мөсөн зогсоосон. Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж байгаа.
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийт 125 мянга орчим хүүхэд цэцэрлэгт, 412 мянга орчим хүүхэд сургуульд суралцана гэсэн урьдчилсан тооцоолол гарсан.
Байрны хүртээмжийн тухайд, сүүлийн дөрвөөс таван жилд бүх шатандаа хөрөнгө оруулалтыг нэлээд анхаарч ажиллаж байгаа. Нийслэлийн хэмжээнд энэ жил сургууль, цэцэрлэгийн нийт 139 барилга байгууламж шинээр барьж байгаа. Үүний 71 нь улсын төсвийн, 44 нь нийслэлийн, 14 нь дүүргийн төсвийн санхүүжилттэй. Эдгээрээс өнөөдрийн байдлаар найман цэцэрлэг, дөрвөн сургууль, таван бага сургуулийн барилгыг ашиглалтад оруулаад байна. Энэ ондоо багтааж, хорь орчим сургууль, цэцэрлэг нэмээд ашиглалтад орчих болов уу гэсэн хүлээлттэй байгаа.
Засгийн газраас 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан. 2028 он хүртэл нэмээд 84 сургууль, цэцэрлэг шинээр барих хэрэгцээ шаардлага бий. Газар чөлөөлөх зардлыг энэ оны төсвийн тодотголоор шийдвэрлэсэн байгаа. Барилга байгууламж барих зардлыг ирэх оны төсөвт тусгаж хэрэгжүүлнэ.
Түрээсийн байраар бас асуудлыг шийдээд байх шиг. Энэ жилийн тухайд хичнээн байр түрээслэх гэж байгаа вэ?
Тийм ээ, хүн амын нягтрал ихтэй орон сууцны хорооллуудад шаардлагатай гэж үзвэл байр түрээсэлдэг. Түрээсийн байрыг 2022 онд хэрэгжүүлж эхлэх үед нийт 128 байр түрээсэлж байсан. Жил бүр 12 орчим хувиар буурсаар энэ хичээлийн жилд нийт 79 байр цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх гэж байна. Энэ нь ойр орчимд нь шинээр цэцэрлэг барьсан эсвэл цэцэрлэгийн насны хүүхдийн тоо буурсан гэх мэт шалтгаантай.
ЕБС-ийн тухайд энэ жил 31 байр түрээсэлнэ. Үүнээс гадна ганц нэг ачаалал ихтэй хороололд түрээслэх байр олдохгүй асуудал байгаа.
Орон сууцны хотхон, хорооллууд олноороо сүндэрлэн босож байгаа ч тэдгээрийн дунд улсын сургууль, цэцэрлэг байгуулах ажил хоцрогдож байгаа. Ихэнх иргэд тодорхой хэмжээний зээл авч байж, байранд ордог. Дээр нь гэрийнх нь ойролцоо улсын сургууль, цэцэрлэг байхгүй учраас хүссэн ч, хүсээгүй ч төлбөртэй сургууль, цэцэрлэгт хүүхдээ явуулахаас аргагүйд хүрдэг. Ер нь хичнээн өрхийн дунд хичнээн хүүхдийн сургууль, цэцэрлэг байх ёстой гэсэн норм, стандарт байдаг юм бол?
Орон нутагт хот төлөвлөлттэй холбоотой хэд хэдэн асуудал байна гэж харсан. Нэгдүгээрт, барилга байгууламжийн норм, дүрэм, стандарт гэж байдаг.
Үүнд зааснаар 1000 өрх тутамд 180 хүүхдийн сургууль, 100 хүүхдийн цэцэрлэг заавал байх ёстой. Хувийн хэвшлийн компаниуд болон иргэд өөрсдийн эзэмшлийн газар дээр орон сууцны барилга барих зөвшөөрлийг холбогдох газруудаас авдаг. Хэрэв мянгаас дээш өрх бүхий орон сууц барих гэж байгаа бол тэнд нь сургууль, цэцэрлэг төлөвлөдөг. Тиймээс тухайн компани газар дээрээ сургууль, цэцэрлэгийн барилга бариад, төрд худалдах боломжтой. Гэхдээ холбогдох хуулийн дагуу тендер зарлахаас эхлээд тодорхой процесстой. Сургууль, цэцэрлэгийн байр барилаа гэхэд голдуу хувийн хэвшлийн өмч болдог.
Бас нэг асуудал бий. Тухайн газар дээр барьж буй 10 блок барилгын нийт өрхийн тоо мянга давж байгаа ч анх зөвшөөрөл авсан компан газраа хувааж, жижиглээд, өөр өөр компанид өгчихдөг. Ингэхээр нэг компаний барьж байгаа орон сууц мянга хүрэхгүй өрхтэй болдог. Энэ маягаар сургууль, цэцэрлэг барих хариуцлагаас зайлсхийгээд байгаа юм.
Мөн барилга байгууламжийг улсын комисст хүлээж авах асуудал бий. Компаниуд нь ч орлогоо бодоод орон сууцныхаа барилгуудыг л түрүүлж барьж, ашиглалтад оруулаад байдаг. Захиалагчид ч гэсэн аль болох хурдхан л байрандаа орохыг боддог. Ингээд зөвхөн орон сууцны барилгуудаа барьж дуусгаад, сургууль, цэцэрлэгийн байр барихгүйгээр компани яваад өгдөг.
Боловсролын асудал эрхэлсэн орон нутгийн байгууллагад хот төлөвлөлтөд оролцох эрх байдаггүй. Нөгөөтэйгүүр, өнөөдрийн нөхцөл байдал олон жил хуримтлагдсан асуудлууд байдаг.
Та түрүүнд аж ахуйн нэгжийн өөрийн эзэмшлийн газар дээр барьсан сургууль, цэцэрлэгийн барилгаа улсад худалдаж болно гэж хэллээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд өөрийн хөрөнгөөр бариад улсад шилжүүлсэн тохиолдол бий юу?
“Эрин” хороолол гэж бий. Тус хороололд барьсан Японы хөрөнгө оруулалттай, япон стандартаар барьсан, 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг энэ жилээс санхүүгийн түрээс байдлаар төрд өмчлүүлэхээр гэрээ байгуулсан. Энэ оны хоёрдугаар сараас үйл ажиллагааг эхлүүлж, одоогийн байдлаар мянга гаруй хүүхэд хамрагдан суралцаж байгаа.
Ийнхүү “Эрин эверест интернэшнл” буюу 184 дүгээр сургууль төрийн өмчлөлд шилжсэнээр БГД-ийн 29-р хорооны мянга орчим хүүхэд 10 дугаар хороолол руу явдаг байснаа больж, гэртээ ойрхон сургуультай болсон гэсэн үг.
Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Шууд дамжуулалт үзэх: