Э.Ирэхбаяр
Редактор
Нийслэл
2025.08.13 11:05
729
Б.БОЛОРМАА: Төрийн өмчийн ЕБС болон СӨБ-ын ачааллыг тухайн хамран сургах тойрог дахь хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд хуваалцах боломжтой

Б.БОЛОРМАА: Төрийн өмчийн ЕБС болон СӨБ-ын ачааллыг ытухайн хамран сургах тойрог дахь хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд хуваалцдаг

“Хичээл эхлэхэд бэлэн үү” сурвалжлагын дараагийн зочин НБГ-ын Сургалт, аргазүйн хэлтсийн дарга Б.Болормаа. Түүнээс хамран сургах тойргийн талаар тодрууллаа.

Эцэг эх бүр хүүхдээ аль болох гэртээ ойрхон сургууль, цэцэрлэгт өгөхийг боддог. Нэг хамран сургах тойрогт хичнээн өрх, хичнээн хүүхэд багтдаг юм бол?

Хамран сургах тойргийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу жил бүр шинэчлэн тогтоодог. Үүний тулд дүүргийн ажлын хэсэг нь дүүрэг болон Улсын бүртгэлийн байгууллагаас тухайн дүүрэгт бүртгэлтэй цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн талаар бүртгэл мэдээлэл авч, судалгаа хийдэг.

Мөн тухайн хороо, дүүрэгт хичнээн сургууль цэцэрлэг байна вэ гэдгийг судалж, хүүхдүүдийг хуваарилж, НБГ-т ирүүлдэг. Манай байгууллага нийслэлийн есөн дүүргээс ирүүлсэн судалгааг нягталж үзээд, НБГ-ын сайт болон пэйж хуудсанд нэг сарын хугацаатай олон нийтэд ил тод байршуулж, эцэг, эх, олон нийтээс дахин санал авдаг. Хуваарилагдсан хороо, сургууль, цэцэрлэг нь болж байна уу гэдгийг асууна, шаардлагатай бол дахиад хуваарилалт хийнэ. Аль ойрхон сургууль, цэцэрлэгтээ хамрагдъя гэдэг санал хүсэлт дээр үндэслэн, тодорхой өөрчлөлтүүдийг оруулаад, НБГ-ын даргын тушаалаар баталгаажуулдаг.

Үүний үндсэн дээр энэ хичээлийн жилд сургууль, цэцэрлэгт хамрагдах бүртгэлийг эхлүүлээд явж байна.

Тухайн хамран сургах тойрогт төрийн өмчийн сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй тохиолдолд эцэг эхчүүд хүсвэл хувийн өмчийн сургууль, цэцэрлэгт хөнгөлөлттэй үнээр суралцах зохицуулалт хийдэг байсан. Энэ хэвээрээ үргэлжилж байгаа юу?

Төрийн өмчийн ЕБС болон СӨБ-ын байгууллагын ачаалал өндөр байдаг. Энэ ачааллыг тухайн хамран сургах тойрог дахь хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд хуваалцдаг. Гэхдээ хувийн сургууль, цэцэрлэгүүдийн өөрсдийнх нь санал дээр үндэслэдэг. Тэнд хуваарилагдсан хүүхдүүдэд төрөөс хувьсах зардлыг нь олгож, мөн хоолны дэмжлэг үзүүлдэг.