2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажил сүүлийн өдрүүдэд эрчимтэй өрнөж буй. Энэ хүрээнд УИХ-ын Гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нарын санаачлагаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв: Санхүүгийн бодлогыг хүний эрхэд нийцүүлэх нь“ үндэсний хэлэлцүүлгийг энэ өдөр /2025.08.14/ Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг холбоо, ТББ-уудын төлөөлөл, иргэд, холбогдох яамдын албан тушаалтнууд зэрэг нийт 100 орчим хүн оролцов.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ба нийгмийн хамгаалал, хүртээмж, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, хяналт үнэлгээ гэсэн үндсэн таван сэдвээр салбар хэлэлцүүлгүүд хийгдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг сонслоо.
Уг хэлэлцүүлгийг төрийн ордноос гадна inclusivedata.mn цахим хуудсаар санал авч байгаа бөгөөд онлайнаар цацагдаж, орон нутагт амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг оролцоог хангаж зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож үг хэллээ. Тэрээр “Улсын төсөв хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн төсөв байх ёстой. Төсвийн зардлыг аль болох хэмнэж, илүү оновчтой болгохыг зорьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжиж, хүртээмж, орон сууц, эрүүл мэнд, боловсролын салбарыг түлхүү хөгжүүлж, нүдэнд мэдэгдэхүйц, хэмжигдэхүйц, хамтын хариуцлагатай төсвийг бий болгоно. Энэ чиглэлээр олон улсын тушрлагыг судалж, бодит үр дүнд чиглэсэн, хариуцлагатай төсвийг хамтран бүтээхэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо чухал” гэдгийг онцолсон юм.