УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нарын санаачилгаар Төрийн ордонд зохион байгуулагдаж буй "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв" нээлттэй хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа.
Бүх яам ирэх оны төсвөөр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа энэ үед та бүхэн өнгөрсөн он жилүүдэд хамаарах төсвийн зарцуулалт, хуварилалт, үр өгөөжийг эргэн харж байгаа нь анхаарал татаж байна л даа. Энэ нь нэг алхам хойш ухраад, урагшаа хоёр алхах гэсэн оролдого уу?
Тийм ээ, зарцуулж байгаа төсөв бүр хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдралд ахиц авчирж байна уу, үгүй юу гэдгийг бид харах ёстой. Үйлчилгээ авсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сургуульд сурч чадаж байгаа юу, ажилд орсон бол багадаа нэгээс хоёр жил үргэлжилж чадаж байна уу, ажилд ороод ур чадвар нь дээшилж байна уу, нэг хүнийг ажилд авахын тулд тухайн компани орчин нөхцөлдөө тохиргоо хийсэн үү гэх мэт олон үзүүлэлтээр бид зардлын үр нөлөөг хэмжих хэрэгтэй байгаа.
Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролд зориулсан зардал сургууль дотор байх ёстой. Багш нарын арга зүйг сайжруулах, анги танхимыг тохижуулах гэх мэт. Жишээлбэл, манай ангид энгийн 20, хөгжлийн бэрхшээлтэй нэг оюутан байлаа гэж бодъё. Би өөрийнхөө цаг завыг хөгжлийн бэрхшээлтэй, удаан суралцдаг хүүхдэд түлхүү зарцууллаа гэж бодоход, миний цаг бусад хүүхдэд хүрэлцэхгүй. Тэгэхээр багшийн цагийг хэмнэхийн тулд хажууд нь туслах байх хэрэгтэй. Хэрэв асаргаа ихтэй, хүнд хүүхэд байвал магадгүй түүнд тусдаа анги тахим хэрэгтэй байж болно. Энэ багцыг бид Боловсролын яамны багцаас харах хэрэгтэй болно. Энэ яам хичнээн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээс хэдэн хувийг нь сургаж байгаа юм гэх мэт задаргааг нь харна.
Нийгмийн хамгааллын салбарт зарцуулах нийт төсөв 5.5 их наядаар хэмжигдэж байгаа ч дотор нь задлаад үзэхээр 420 орчим тэрбум төгрөг л ХБИ-дэд зарцуулагдахаар харагдаж байна. Энэ нь хэр хангалттай төсөв бэ?
Тийм ээ. ХБИ-дэд зориулсан зардлыг бусад зардалтай нэгтгэж бичиж, ярьдгаас болж энэ төрлийн зардал өндөр байна гэж олон нийт ойлгодог. Гэтэл энэ дүнд хүүхдийн мөнгө, одонтой ээжийн мөнгө гэх мэт зардлууд дийлэнх хувийг эзэлдэг. Тиймээс энэ салбар дахь төсвийн зардлын ангиллыг илүү тодорхой, ойлгомжтой, оновчтой болгох үүднээс салбар салбарын шийдвэр гаргачид болон төсөв боловсруулж байгаа хүмүүс, иргэд хоорондоо ярилцахаар өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.
ЗУРАГ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагчид нийгмээс тусгаарлагдах, ганцаардах, улмаар сэтгэл зүй нь гэмтэх зэрэг асуудалтай тулгардаг. Тэдэнд чиглэсэн төрийн дэмжлэг асаргааны мөнгөнөөс хэтрэхгүй байх шиг...?
Бид хөгжлийн бэрхшээлтэй хүний асаргаа, хувийн туслах гэсэн хоёр ойлголтыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. ХБИ хоолоо идэх, эмээ уух, биеэ засах зэрэг өдөр тутмын амьдралын суурь хэрэгцээгээ хангахад нь тусалдаг үйлдлүүдийг асаргаа гэдэг. Харин хувийн туслах бол тухайн хүнийг нийгмийн харилцаанд оролцоход нь тусалдаг. Тэгэхээр бид зардлаа томъёолохдоо энэ хоёр ойлголтыг ялгаж, хуваарилах ёстой юм. Үүнийг зөв зохицуулж чадах юм бол хэвтэрт байдаг хүн ч ажил хийх боломжтой.
Зарим тохиолдолд тухайн хүнд эмийг нь өгчихсөн, тэргэнцэр, хөл гэх мэт дагалдах хэрэгслийг нь авч өгсөн, одоо өөрсдөө учраа ол гэдэг. Гэтэл өнөөдөр тэр хүмүүс нийгмийн харилцаанд орохдоо элдэв бэрхшээлтэй тулгарсаар л байгаа. Ганц жишээ хэлэхэд, аль ч автобусанд суухад кноп нь ажиллахгүй байгааг та бид харсан. Хувийн туслахын зардал ХБИ төдийгүй өөр нэг хүнд цагийн хөлс болоод очдог. Энэ циклийг бид зөв гольдролд нь оруулж, зардлын талаарх ойлголтоо шинэчлэх шаардлагатай байгаа.
227 мянга орчим төрийн алба хаагчаас 4000 орчим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Хуульд заасан хувь хэмжээгээр бол 9000 орчим байх ёстой гэж Ж.Баясгалан гишүүн түрүүнд илтгэлдээ дурдсан. Төрийн алба ийм байхад хувийн хэвшлийг хууль биелүүл гэж шахах бас хэцүү. Энэ тал дээр төрийн албаныхныг манлайлал үзүүлэх тал дээр ямар хөшүүрэг байж болох вэ?
УИХ-ын гишүүн Ж.Баясгалангийн хамтаар өнгөрсөн хавар Нутгийн удирдлага ямар оролцоотой байх талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн ирэх гурван жилд нутгийн удирдлагын заавал хийх ёстой 13 бүлэг ажил, 32 шалгуурыг боловсруулсан. Эдгээрийн хоёр нь хөдөлмөр эрхлэлттэй холбоотой. Засаг дарга нар 2026 оны төсөвт энэ 13 бүлэг ажлыг 32 шалгуураар нь орон нутгийнхаа хүн амд тулгуурлан бодож тооцоолоод, төсвөө гаргах ёстой. Яг энэ бодлогыг бариад явбал, магадгүй 5, 10 жилийн дараа гэхэд төрийн албанд ажиллах хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо өсөх боломжтой гэж харж байна. Ажилд авах сонирхолтой хүмүүсийн тоо ч гэсэн нэмэгдэнэ. Цаашилбал, Монгол Улсын хүний эрхийн индекс дээшлэх боломжтой.
Ирэх оны төсөвт шинээр оруулахаар төлөвлөж байгаа ажлын санал байгаа юу?
Төсөвт цоо шинэ зүйл оруулж ирэх гэхээс илүүтэй одоо байгаа зардлаа дахин хуваарилах, ангилах, гүйцэтгэж байгаа ажлын үр дүн, хэмжүүрийг илүү нарийвчилж ярих нь чухал байгаа юм. Бид мөнгөгүйдээ биш менежмэн байхгүйдээ энэ олон асуудлыг ужгируулчихсан. Тиймээс зардлын менежмент, хуваарилалтыг задалж харах хэрэгтэй.
Хоёрдугаарт, салбар дундын уялдаа холбоо байхгүйгээс үргүй зардал маш их гардаг. Өнөөдрийн хэлэлцүүлэгт бүх салбарын төлөөлөл оролцож байгаа. Сангийн яам зардлын ангиллыг гаргасан. Тэр ангиллын дагуу бүх яам зардлаа төлөвлөх ёстой. Бид үүнийг л харахыг хүсэж байна. Хэрэв хоорондоо давхцаж байвал өөр тийш шилжүүлэх талаар ярина.
Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Шууд дамжуулалт үзэх: