Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг 2025 оны 11 дүгээр сарын 15-26-ны өдрүүдэд Японы Токио хотноо болох Зуны XXV удаагийн Сонсголын бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадамд (Дифлимп) Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний баг, удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Б.Баттүшиг:
“Та бүхний ард эх орон, ард түмэн чинь байна. Токиогийн тэнгэрт Монгол төрийн алтан соёмбот далбаагаа намируулан, амжилттай оролцоорой” хэмээн онцолж, баг тамирчдад бэлтгэлийн хослол болон мөнгөн дэмжлэг гардууллаа.
Энэхүү дэмжлэг нь баг тамирчдын итгэл зоригийг өргөж, бусад зүйлст санаа зовохгүйгээр илүү эрч хүчтэй бэлтгэлээ хийхэд том хувь нэмэр болж байна.
Монголын Дифлимпын багийн хувьд энэ нь зөвхөн спортын амжилт бус, Монгол Улсын сонсголын бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэлхий дахинд харуулах томоохон боломж юм.
Дифлимпын наадам нь 1924 оноос хойш зохиогдож буй, сонсголын бэрхшээлтэй тамирчдын хувьд олимпын хэмжээний хамгийн нэр хүндтэй олон улсын наадам бөгөөд Монгол Улс өмнө нь ч олон бахдам амжилтыг үзүүлж байсан түүхтэй.
Монголын багийн аялалд нэгдэх урилга
Дэлхийн тайзнаа эх орныхоо нэрийг өндөрт өргөх энэхүү багийн бэлтгэл, замын зардлыг санхүүжүүлэхэд хувь хүмүүс, байгууллагуудын дэмжлэг маш чухал байна. Та бүхний хандив нь зөвхөн спортын амжилтыг бус, Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш оролцоог дэмжих үнэт хөрөнгө оруулалт юм.
📌 Хандивын данс: Хас банк, MN340032005000817621(Монголын Диф Спортын Хороо)
📌 Холбоо барих: deafsportsmongolia@gmail.com, 88080929
Хамтдаа Монголын далбааг Токиогийн тэнгэрт мандуулъя!