Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл өнгөрөгч бямба гарагт Улаанбаатар хотын гудамж, замын нөхцөл байдлыг үнэлж, үйлчилгээний газрууд, нийтийн тээврээр үйлчлүүллээ. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэн Улаанбаатар хотод амьдрахад ямар бэрхшээл тулгардаг, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж, гаргалгааг ярилцлаа.
“Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд 2.5 км замыг туулахдаа эхлээд үйлчилгээний байгууллагын нөхцөл байдалтай танилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэр дундаа тэргэнцэртэй иргэн дэлгүүр, хоолны газар зэрэг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхэд орц, гарцын асуудал хамгийн их саад болдог. Ихэвчлэн налуу зам байдаггүй. Түүнчлэн ороход хаалганы хөндлөвч төмөртэй хэсгүүд саад учруулж байлаа.
Үүний дараа Улаанбаатар хотын төвийн гудамжаар явган замын нөхцөл байдалтай танилцлаа. Хуучин явган замтай хэсгээр явахад эвдрэл, гэмтэл, доголтой хэсгүүд таарч байв. Ийм замаар тэргэнцэртэй удаан явахад бөөр өвддөг гэдгийг тэргэнцэртэй иргэд хэлж байв. Хүүхдийн тэрэгтэй явахад ч гэсэн хүндрэлтэй, донсолгоотой байдаг гэнэ. Харин байгалийн чулуугаар шинэчилж байгаа явган замууд нэг жигд учраас бэрхшээл байхгүй гэсэн юм.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Монголд хөгжлийн бэрхшээлтэй 10 хүн тутмын 6 нь олдмол бэрхшээлтэй байдаг. Хамгийн энгийн жишээг та бүхэн сая харлаа. Тэргэнцэртэй хүн үйлчилгээний газрууд руу ороход налуу зам байдаггүй. Хотын явган хүний зам нэгдсэн стандартгүй байгаа нь зорчиход хүндрэл үүсгэдэг. Бид Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжиж ажиллах үүрэгтэй. Үүний нэг жишээ болгож “Гэрээсээ гарцгаая” аяныг хэрэгжүүлж байна. Биет байдлаар орчны хүртээмжийг хэрхэн сайжруулах вэ гэдэгт шалгуур үзүүлэлтүүдийг ийнхүү туршиж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, амьдрах орчныг дээшлүүлэх зорилгоор нутгийн удирдлагын байгууллагуудын оролцоог сайжруулахын тулд 32 шалгуур үзүүлэлт бүхий 13 бүлэг төлөвлөгөөг тусгасан гарын авлагыг мөн боловсруулсан” гэдгийг хэллээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хот бүх хүнд тэгш, хүртээмжтэй орчин нөхцөлтэй байх ёстой. Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг сайжруулахад дутагдалтай зүйлс нэлээд ажиглагдлаа. Үйлчилгээний газрууд налуу замаа шийдэж өгөх хэрэгтэй. Нийтийн тээврийн жолооч нар хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй хэрхэн харьцах, тэдэнд хэрхэн туслахад суралцмаар байна. Явган хүний замыг нэгдсэн стандартаар шинэчлэх нь чухал байна. Улаанбаатар хотын зүгээс нэгдсэн стандарттай, хүртээмжтэй хотыг бий болгоход уялдаа холбоотой ажиллана” гэдгийг тодотгов.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчихдоо буух товчлуур болон бууж, суух налуу замыг ашиглаж сурах хэрэгтэй. Үүний тулд нийтийн тээврийн жолооч нарыг сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах талаар аянд оролцогсод хэлэлцэв.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн гаднаас аяны маршрут өндөрлөж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл санал бодлоо хуваалцаж, нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, УИХ-ын гишүүн О.Саранчулуун нар санал хүсэлтүүдийг бодит ажил хэрэг болгоход гар бие оролцохоо илэрхийллээ.