Цалингаа нэмүүлэх шаардлага хүргүүлж буй багш нартай Боловсролын сайд П.Наранбаяр уулзаж, санал солилцлоо. Уулзалтад багш нарын төлөөллөөс гадна УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Д.Мөнхбаяр нар оролцов.
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Д.Мөнхбаяраас шаардлагад ямар агуулга тусгасныг тодруулахад “Өнгөрсөн долоо хоногт Боловсролын сайд болон Сангийн сайд, хөдөлмөрийн сайдад тус тус шаардлага хүргүүлсэн. 2026 оны үнэхээр л “Боловсролыг дэмжих жил” болгох гэж байгаа юм бол энэ салбарт ажиллаж буй зуун мянган багш, ажилтны цалин, хангамжийг нэмэгдүүлэх ёстой. Ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн багш нарын цалинг дор хаяж 50 хувиар нэмэгдүүлэх, 5000 багшид 15 сая төгрөгөөс доошгүй төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлэх, цаашлаад цалин хөлсний нэмэгдлээс авч байгаа хувь хүний орлогын албан татварыг тэглэх гэсэн гурван шаардлага тавьсан байгаа.” хэмээн мэдээлэл өглөө.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр “Шаардлага 8 дугаар сарын 14-ний өдөр буюу өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт ирсэн. Бид хуульд заасан хугацаанд нь хариуг албан бичгээр өгнө. Багш нар маш ойлгомжтой, тодорхой шаардлага тавьж байгаа. Цалин хүрэлцэхгүй байна гэсэн. Энэ бол үнэн, бид нэг байр суурьтай байгаа, нэмэгдүүлэх талаас нь ярилцаж байна. Гэхдээ улс орны эдийн засгийн боломж зэргийг хариуцсан яамд, Засгийн газар, УИХ дээр ярилцаж байж шийдэх ёстой.
Ерөнхий сайдын долоо дугаар сарын 25-ны өдөр гаргасан 04 тоот албан даалгавар байгаа. Үүний 12.2-т багш нарын цалинг нэмэгдүүлэх, байр сууцыг шийдвэрлэх асуудлыг найм дугаар сарын 30-ны дотор шийдвэрлэ гэсэн үүрэг өгсөн байгаа. Энэ хүрээнд гурван яам хамтраад ажлын хэсэг гаргаад ажиллаж байна.” гэсэн тайлбар өгөв.