m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
2025.08.18 16:27
1391
Улсын төсвийн 14.3 хувийг “залгидаг” боловсролын салбарынхны цалинг мянган ам.долларт хүргэх боломжтой юу

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлээс  Боловсролын сайд болон Сангийн сайд, хөдөлмөрийн сайдад шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад:

  1. Боловсролын салбарт ажиллаж буй зуун мянган багш, ажилтны цалин, хангамжийг ирэх оноос дор хаяж 50 хувиар нэмэгдүүлэх;
  2. 5000 багшид 15 сая төгрөгөөс доошгүй төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлэх;
  3. Цалин хөлсний нэмэгдлээс авч байгаа хувь хүний орлогын албан татварыг тэглэх гэсэн гурван асуудлыг тусгажээ.

2024 оны байдлаар улсын төсвийн 14.3 хувь буюу 4.2 их наяд төгрөг нь боловсролын салбарт хуваарилагдсан. Үүний 88 хувь нь урсгал зардал байгаа юм. Дэлхийн 200-гаад улс орноос Сьерра Леон улс хамгийн өндөр буюу 29.4 хувийг, Нигери улс хамгийн бага буюу 4.3 хувийг боловсролд зарцуулдаг бөгөөд дундаж үзүүлэлт нь 14.2 хувь болж байна. Тэгэхээр манай улсын тухайд  боловсролын салбарт зарцуулж байгаа хөрөнгө нь дэлхийн дунджаас үл ялиг дээгүүр байна гэсэн үг.

Багш нар шаардлагынхаа хариуг нэхэхээр өнөөдөр /2025.08.18/ Боловсролын сайдтай уулзах үеэр П.Наранбаяр “Багш нарын цалинг жилд зургаан хувиар нэмж ирсэн. Цаашид 20 хувиар, гурван жилийн дотор нийт 60 хувиар нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж байгаа” гэдгээ мэдэгдэв.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Энэ хангалтгүй ээ. Би сүүлийн найман жил багш нарын цалинг мянган ам.доллараас багагүй болгохын төлөө тэмцэж байна” гэв. Эл саналын тухайд П.Наранбаяр сайд “Багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэхийн тулд  санхүүжилт хэрэгтэй. Тэр санхүүжилтийн эх үүсвэрийг хаанаас гаргаж болохыг олж харж байгаа хүн байвал надад хэлж өгөөрэй” гэж хэлэх нь аргаа барсан хүний үг гэлтэй.

Бид улс орны эдийн засаг болон бусад олон хүчин зүйлийг бодитойгоор үнэлж, аливаа асуудалд сэтгэлийн хөөрлөөр биш нухацтай хандаж сурмаар байна. Монгол Улсын боловсролын салбарт өнөөдрийн байдлаар 100 мянга орчим багш, ажилтан ажиллаж байна. Үүний тавь орчим хувь нь багш нар. Тэдний үндсэн цалин 1,480,000-1,550,000 төгрөг бөгөөд арваад төрлийн нэмэгдэл ороод олговол зохих цалингийн дундаж нь 2.8 сая төгрөг болдог аж.

2024 оны байдлаар улсын төсвийн 14.3 хувь буюу 4.2 их наяд төгрөг нь боловсролын салбарт хуваарилагдсан. Үүний 88 хувь нь урсгал зардал байгаа юм. Дэлхийн 200-гаад улс орноос Сьерра Леон улс хамгийн өндөр буюу 29.4 хувийг, Нигери улс хамгийн бага буюу 4.3 хувийг боловсролд зарцуулдаг бөгөөд дундаж үзүүлэлт нь 14.2 хувь болж байна. Тэгэхээр манай улсын тухайд  боловсролын салбарт зарцуулж байгаа хөрөнгө нь дэлхийн дунджаас үл ялиг дээгүүр байна гэсэн үг.

Багш нар цалингаа нэмэх асуудлыг хөндөхдөө сүүлд цалинг нь сүрхий нэмсэн зарим салбарынхантай харьцуулж ярьдаг. Тухайлбал, хотын дарга Х.Нямбаатарын шийдвэрээр 2024 оны 6 дугаар сараас нийслэлийн ТҮК-ийн 1400 орчим ажилтан болон автобус баазын 2000 гаруй жолооч нарын цалинг мянган ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэсэн. Цөөн ч болов монгол хүний цалин нэмэгдэж, цөөн ч болов өрхийн орлого өсөж байгаад талархууштай.

Гэхдээ боловсролын салбарт нийслэлийн энэ хоёр байгууллагын нийт ажилчдыг нийлүүлснээс 26 дахин олон хүн ажиллаж буй. Ер нь монголдоо хамгийн олон ажилтантай салбар л даа. Эрүүл мэндийн салбар гэхэд л 70 мянга орчим ажилтантай.

Хөдөлмөрийн насны 12 хүн тутмын нэг нь боловсролын салбарт ажилладаг. Тэгэхээр энэ том айлын “хүүхдүүд”-ийн цалинг нэмэх нь монголын олонх гэр бүлийн амьжиргаанд дэмтэй ч салбарын сайд яагаад ч ганцаараа хүчрэхгүй. Улсын төсөвт мэдэгдэхүйц цочроо өгөх энэ шийдвэрийг гаргахын тулд эхлээд Засгийн газар дээрээ дэмжлэг аваад, дараа нь УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлэх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүд нь тойргийнхоо төсөв дээр “зодоон”-той, дээр нь төсвийн зарлага нь орлогоосоо байнга давдаг манай улсын хувьд тийм ч амар шийдчих асуудал биш. 

Ямартай ч багш нарын цалин бага, амьдралд хүрэлдэггүй нь үнэн. Гэхдээ  шууд өнөө, маргаашдаа 1000 ам.долларт хүргэх ёстой гэж мугуйдлахын оронд ойрын таван жилдээ багтаж энэ зорилтод хүрэхийн төлөө Боловсролын сайд болон багш нарын эрхийг хамгаалдаг гэх үйлдвэрчний эвлэлийн хоёр байгууллага мөн багш нар нэгдээд зүтгэвэл арай бодитой зорилт байх биз.