
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа өнөөдөр /2025.08.19/ Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Мияаги Кэнсүкэ, Дэд бүтэц, хот байгуулалт, эрчим хүчний салбар хариуцсан ажилтан Шида Косүкэ, хөтөлбөрийн ажилтан Ц.Хоролсүрэн нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа хэлэхдээ, Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) нь хот байгуулалтын салбарт “Хот байгуулалтын салбарыг бэхжүүлэх төсөл”, “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”, “Улаанбаатар хотын үйлдвэрийн хаягдал усны хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл” зэрэг олон төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлсэн талаар онцлов.
Мөн тус байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Хүннү хот болон эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих төсөл”-ийн хэрэгжилт, явцын талаар талууд харилцан санал солилцлоо.
ЖАЙКА-ийн зүгээс Монгол Улсын боловсон хүчний асуудлаар 1000 инженерийг бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд барилга, хот байгуулалтын чиглэлийн инженер, техникийн ажилчдыг сургах боломжтой, мөн Япон Улсын хуучин болон түүх, соёлын барилга байгууламжийг хүчитгэх, хот төлөвлөлтийг сайжруулах замаар төвлөрлийг сааруулах чиглэлүүдэд хамтран ажиллах боломжтой гэдгийг мэдээлэв.
Түүнчлэн Төрийн нарийн бичгийн даргын зүгээс Хот байгуулалтын салбарт Нийтийн аж ахуйн салбарыг хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, Монгол Улсын түүхэн болон насжилт өндөртэй барилгуудад Япон Улсын барилгын хүчитгэл хийх технологийг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах боломж, нөхцөлийг судлах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв.