m.mn
түрүүлж мэдээлнэ
Боловсрол
2025.08.19 09:59
6588
Багш нараас жилд 800 сая төгрөг татдаг МБҮЭХ буюу хоёр Мөнхийн хоршил тайлангаа шилэн болгох хэрэгтэй

Хэлсэн үгэндээ ороогддог гишүүн

УИХ-ын 2024 оны сонгуулиар АН-ын жагсаалтын 14-т бичигдэн, ам мөлтөс шугамын урдуур багтаж гишүүн болсон Ц.Мөнхтуяа байсхийгээд л бодлогогүй үг яриагаараа олон нийтийн шүүмжлэлд өртдөг нэгэн. Тэрээр өчигдөр /2025.08.18/ хэсэг багш нарын хамт Боловсролын сайдтай уулзахдаа “Та бол Боловсролын сайд болохоос Засгийн газрын гишүүн биш” хэмээн хэлснээрээ мөн л хэл ам дагуулаад буй. Салбарын сайд бол Засгийн газрын гишүүн гэдгийг парламентын гишүүн байтугай ахлах ангийн сурагчид ч мэдэх зүйл. За энэ ч яах вэ, санаагаа буруу илэрхийлсэн байж мэдэх.

Тэрээр сүүлийн найман жилийн турш багш нарын цалинг нэмүүлэх асуудлаар тэмцэж байгаа гэдгээ байнга зарладаг. Барьж авсан сэдэвтээ тууштай байдгийг нь үнэлүүштэй. Өөрийгөө “тэнэг зоригтой” хэмээн тодорхойлно билээ. Гэхдээ хууль тогтоох байгууллагад тэнэг зоригтой нэгэн биш уншиж судалдаг, ухаж ойлгодог хүн хэрэгтэй гэдгийг нэг жил энэ суудалд суухдаа ойлгосон баймаар. 

Түүний хуурамч дипломны асуудал нэг дэгдэж аваад замхарсан. Бага ангийн багшаар суралцсан ч төгссөн эсэх нь эргэлзээтэй, энэ талаар тодруулах гэсэн сэтгүүлчдийн асуултад хуулийн байгууллагаар шалгуулж, нотлуулна гэж “ам таглаад” өнгөрсөн.

15 мянган гишүүнтэй байгууллагын татвар хаашаа урсдаг вэ

Ц.Мөнхтуяа 2020 онд хамтран зүтгэгч Д.Мөнхбаатар болон Л.Машбат, Ц.Лувсандорж нарын хамт “Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл” хэмээх төрийн бус байгууллагыг байгуулсан бөгөөд өөрөө парламентын гишүүн болсноор уг байгууллагыг Д.Мөнхбаатар удирдах болжээ.

8271615 регистрийн дугаартай  энэхүү байгууллага нь өнгөрсөн таван жилийн турш байнга “Х” тайлан өгч байсан байна. 2023-2024 онд 15-30 сая төгрөгийн борлуулалтын орлоготой хэмээн мэдүүлсэн ч бас л “Х” тайлан өгсөн байгаа юм.

Д.Мөнхбаатар өчигдөр манай сайтад өгсөн ярилцлагадаа эвлэлээ 15 мянга гаруй гишүүнтэй хэмээн хэлсэн. Эх сурвалжуудын мэдээлснээр холбооны гишүүдээс сар бүр цалингийн нэг хувьтай тэнцэх татвар хураадаг аж. Энэхүү татварыг эхлээд сургуулийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн дансанд төвлөрүүлдэг бөгөөд нийт орлогын 30 хувийг төв байгууллагадаа шилжүүлж, үлдсэн 70 хувиар дотоод үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг байна.

Доорх графикаас харвал боловсролын салбарын цалингийн сан сүүлийн дөрвөн жилийн дотор 2.6 дахин өсжээ.

 

Гэхдээ Үйлдвэрчний эвлэлийн татвар үндсэн буюу суурь цалингаас тооцогддог аж. Энэ нь ЕБС-ийн багш нарын тухайд 1,480.0 мянган төгрөг бол СӨББ-ын багш нарынх 1,556.0 мянган төгрөг байдаг аж. Тэгэхээр үндсэн цалингийн нэг хувь нь ойролцоогоор 15,000 төгрөг болно. 15 мянган гишүүнээсээ сард 255.0 сая, жилд 2.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлдэг байх нь. Энэхүү татварын орлогын 30 хувь буюу 810 сая төгрөг нь тус эвлэлийн төв байгууллагын дансанд ордог гэсэн үг. Мэдээж, үйл ажиллагаа явуулж байгаа бол урсгал зардал гарах нь тодорхой. Гэтэл татварт мэдүүлсэн тайлан нь дандаа "Х".

Төрийн хөтөлдөг Opendata сайтад мэдээлснээр МБҮЭХ нь 2023 онд 15 сая, 2024 онд 30 сая төгрөгийн борлуулалтын орлоготой байгааг та бид хамтдаа харлаа. Тэгэхээр “Хоёр Мөнх” нэг бол гишүүнчлэлийн тоогоо хөөсрүүлж мэдээлдэг байх нь. Эсвэл татварын орлогоо эвлэлийн бус өөр дансаар хүлээн авч, хууль зөрчдөг байх нь гэсэн хардлага төрж байгаа юм. Цаашилбал, энэхүү татварын орлогыг хэрхэн зарцуулав гэдэг асуудал ч сөхөгдөх ёстой. Цалин орлого багатай багш нараасаа жилд зуу зуун саяар нь халаасалдаг "хоёр Мөнх" тайлангаа шилэн болгох хэрэгтэй. Энэ холбоонд гишүүнчлэлээр элссэн багш нар өөрсдөө ч шаардлага тавьж, хөндлөнгийн аудит оруулж шалгуулах хэрэгтэй л дээ.

“Хулгайч хүн хулгайчийг бариарай гэж хамгийн чангаар хашхирдаг” гэгчээр шударга ёс ярьж, багш нарын цалинг нэмнэ гэдэг гоё лозунгаар халхавч хийдэг Ц.Мөнхтуяа, Д.Мөнхбаатар нарын бодит дүр төрх энэ. Өөрсдөө хууль зөрчдөг, эзэмшсэн боловсрол, намтар түүх нь ч хуудуутай, ийм хүмүүс боловсрол хэмээх “том айл”-ын ам бүлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх  хүмүүс мөн үү гэдэг асуултын хариултыг уншигч танд үлдээе.