m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
2025.08.21 09:16
1453
АРДЧИЛСАН НАМЫН ДАРААГИЙН ДАРГА ХЭН БЭ  

Ажин түжин улс төрийг Ардчилсан нам эвдэв

Чуулган завсарлаж, Төрийн ордон эл хуль, улс төр ажин түжин байсан өдрүүдэд Ардчилсан нам анирыг эвдэж, намрын улс төрийг эхлүүлээд авсан.

Г.Баярсайхан нарын АН-ын “Хийморь” фракцын хэдэн гишүүн өнгөрөгч мягмар гараг /2025.08.18/-т Төрийн ордонд хэвлэлийн хурал зарлаж, “Үндэсний бодлогын хороог яаралтай хуралдуулж, намын удирдлагуудыг чөлөөлөхгүй бол улс төрийн хатуу тэмцэлд шилжинэ” хэмээн мэдэгдсэн. Энэ фракцид УИХ-ын гишүүн Д.Ганбат харьяалагддаг.

Мөн өдөр С.Эрдэнэболд, Ц.Баатархүү, Б.Түвшин нарын УИХ-ын гишүүд ҮБХ-ны 168 гишүүний гарын үсэг бүхий тус хороог яаралтай хуралдуулахыг шаардсан шаардлагыг ҮБХ-ны дарга О.Амгаланбаатарт гардуулсан. Намын дотоод дүрмээрээ хорооны хурлыг намын дарга зарлах эсвэл ҮБХ-ны гишүүдийн гуравны нэгийн саналаар товлох боломжтой байдаг.

Өнгөрөгч 5 дугаар сарын 21-ний өдөр хуралдсан МАН-ын Бага хурлаас Ардчилсан намыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс хасах шийдвэр гаргасан. Түүний маргааш АН-ын дарга Л.Гантөмөр сэтгүүлчдэд ээрэгдэхдээ “Хамтраад байгуулсан засаг маань уначихаар намын даргаар үлдэх сэтгэл зүй болоод сонирхол надад алга” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Эл яриа явсаар 8 дугаар сарын 25-нд хурлаа хийж, албаа хүлээлгэж өгөх тов гарсан гэдэг ч амлалтаасаа буцсан уу эсвэл буцаж магадгүй гэж хардсан намын зарим гишүүд нь түүнийг огцруулахаар ҮБХ-ны гишүүдийн гарын үсгийг цуглуулж байсан нөхөд “амь орж”, хөдөлж эхэлж байгаа нь энэ. Нэгэнт нөхцөл байдал ийм дээрээ тулсан болохоор Л.Гантөмөр Улс төрийн зөвлөлөө өчигдөр /2025.08.20/ хуралдуулж, зөвлөлөөс ҮБХ-ны хурлыг энэ сарын 28-нд зохион байгуулах шийдвэр гаргав. 

Л.Гантөмөрөөр удирдуулсан нам юу хожив

Тэгвэл Л.Гантөмөр гэдэг улс төрч Ардчилсан намыг удирдсанаар энэ нам юу  хожиж, юу алдсан бэ гэдгийг эргэн харъя. Сайнаас нь эхэлье. Хамгийн түрүүнд хоёр тамга, хоёр толгойг нэг болгосон гавъяаг нь хэн ч үгүйсгэж чадахгүй байх. Түүний аядуу зөөлөн, зөвшилцөгч чанар энэ үр дүнг авчирсан гэхэд болно. Дараагийн гавъяа нь хэзээнээсээ л “хөгшин бурхи”-ууддаа оосорлогдож ирсэн энэ намд шинэчлэл хийж, намын аппаратынхаа удирдах албан тушаалууд дээр залуучуудыг зоригтой тавьж чадсан. Хэрэг эрхлэх газрын даргаасаа эхлээд нарийн бичгийн дарга нар бүгдээрээ “залуужсан”. Зүгээр ч нэг “цүнх баригчид” биш нэлээд оюунлаг, чадварлаг залуусаар багаа тэлсэн. УИХ-д ч гэсэн залуу болон “шинэ” хүмүүсийг олноор нь дэвшүүлсэн бөгөөд 126 гишүүнтэй анхны парламентад АН-аас сонгогдсон 42 гишүүний 29 нь буюу 69 хувь нь анх удаа хууль тогтоогч болсноос харахад тэрээр намдаа салхи оруулах гэж үнэхээр хичээсэн гэлтэй.

Тэгвэл Л.Гантөмөрийн энэ намд тарьсан гай нь юу юм бол? Намаа нэгтгэхэд үүргээ гүйцэтгэсэн ч парламентад орсныхоо дараа сөрөг хүчний үүргээ умартаж, эрх баригчидтай нэг “хөнжил”-д орсон нь ихээхэн шүүмжлэл дагуулсан. Засагт хамтарсан ардчилагчид эхний нэг жил “унтаарсан”. Гэхдээ олон жил гудамжид “лааз өшиглөсөн” гишүүдээ ажилтай болгосонд нь талархах журмын нөхөд ч олон байв. Том зургаараа АН засагт хамтарснаар удаан хугацаагаар гацсан томоохон төслүүд хөдөлж, урагшилж эхэлсэн нь ололт байлаа.

Засагт үүргээ гүйцэтгэсэн нам одоо харин сөрөг хүчний үүргээ дорвитойхон гүйцэтгэх шаардлагатай байна.

 АН-ын хувь заяа хэний гарт шилжих вэ

Цаашид энэ намыг хэн авч явах вэ гэдэг асуудал улс төр сонирхогчдын анхаарлыг татаж буй. Чухам үүний төлөө нам доторх фракциудын тэмцэл ч сэрж, хөдөлгөөнд орж эхлээд буй.  Энэ нь угтаа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн төлөөх марафон л доо. Хэний фракц нам доторх эрх мэдлийг гартаа төвлөрүүлж чадна, тэр фракцийн төлөөлөл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлал өндөр учраас тэр.

Уг нь АН намын даргаа сонгохдоо ч тэр, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа ч тэр дотоод сунгаа зохион байгуулдаг шинэ соёл тогтоосон. Өнгөцхөн харахад, энэ нь дотоод ардчилал мэт. Гэхдээ нам доторх хагарлыг дэвэргэдэг, өрсөлдөгчдөө дэмжсэн намын жирийн гишүүд хүртэл өөр хоорондоо “дайтахад” хүргэдэг сул талтайг Ардчилагчид маань өнгөрсөн хугацаанд олж харсан л байх.

Ирэх сонгуульд оролцох тоглоомын дүрмийг тамга атгасан дарга болон түүний фракцийнхан шийдэх тул намын даргын асуудал ийн хурцдах нь ч аргагүй. Гагц намын дарга ч биш, удирдлагын багийг бүрэлдэхүүнээр нь сольж таарна.

Одоогийн дарга Л.Гантөмөр тамгаа өгөх эсвэл булаалгах нь тодорхой. Түүний оронд хэт радикал улс төрч сонгогдвол асуудалд хүч түрсэн байдлаар хандаж, дотоод хагарлыг улам гааруулж мэднэ. Нөгөөтэйгүүр хэт поп, утоп нөхөр ч хол явахгүй. Харин нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж чаддаг, хэрэгжих боломжтой шийдвэр гаргадаг, прагматик улс төрч л энэ намыг удирдах хэрэгтэй.

Тийм улс төрч хэн байж болох вэ. Горилогчдоос О.Цогтгэрэл байж болох л хувилбар. Түүнд “увс” хүний хөдөлмөрч чанар, гүйлгээ ухаанаас гадна сонгуулийн кампанит ажлын туршлага, бас харьцангуй нэр цэвэр гэх мэт олон давуу тал бий. Гэхдээ тэр хоёр парламент дамжин УИХ дахь намын бүлгээ удирдсан. Тэгэхээр энэ удаагийн парламентад АН хүчтэй сөрөг хүчин болж чадахгүй байгаагийн ял зэм түүнд ч бас хамаарна. Нөгөөтэйгүүр удирдагчийн харизм бас дутагдах талтай.

Бусад горилогчдыг харъя. “Мондэй” фракцын Б.Пүрэвдорж, “Хийморь” фракцын Д.Ганбат нар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг дэмжинэ гэх “бор шувуу нисэж” байгаа. Тэд дэмжлээ гэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн нэр дэвшигчийг зүтгүүлэх тохироо хийх гэх байх. Энэ хоёр өмнө нь ч намын даргын суудалд санаархаж л байсан. Гэхдээ хоёул багийн ажиллагаа муу, ганцаарчилсан тоглолттой болохоор энэ санаа нь хаашдаа бүтэхгүй. Дээр нь үндэсний хэмжээний намыг авч явахад бэл бэнчин ч дутна. Улс төрийн намын үйл ажиллагаа  хөрөнгө мөнгөгүйгээр явах боломжгүй нь зугатах аргагүй үнэн. Гэхдээ л тэдэнд Ерөнхийлөгчид өрсөлдөх амбиц байж л байгаа.

Энэ хоёр эрхэм хууль тогтоогчийнхоо хувьд хэн хэн нь туршлагатай. Б.Пүрэвдоржийн тухайд дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд хамгийн олон хуулийн төсөл санаачилдаг гишүүдийн нэг. Гэхдээ эрх баригчид түүний хуулийн төслийг хэлэлцэхгүй аргацаадаг, эсвэл санааг нь өөрсдийн хуулийн төсөлд шингээх замаар авторыг нь булаагаад авчихдаг. Олон нийтээс оноо авах гэсэндээ дандаа  халамжийн чиглэлийн хууль санаачилдаг гэсэн шүүмж ч түүнийг дагадаг. Тийм ч биз. Гэсэн хэдий ч тэр парламентын гишүүн юу хийх ёстойг ухамсарладаг, үндсэн ажлаа сайн хийдэг, хамгийн гол нь уншдаг, судалдаг цөөхөн гишүүний нэг. Үүнд нь харин алга ташмаар. Харин Д.Ганбатын тухайд гурав дахь удаагаа парламентад сонгогдсон бөгөөд чуулгандаа идэвхтэй оролцдог ч хэлсэн үгнийх нь агуулга голдуу улс төржсөн шинжтэй байдаг.

Экс Ерөнхийлөгч нар хэнийг зүтгүүлэх вэ

Экс ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өмнө нь нэг удаа дотоод сунгаанд оролцоод ялж байсан ч тамгаа барьж чадаагүй. Энэ удаа өөрийн хүнээ зүтгүүлэх нь тодорхой. Ө.Шижир, О.Алтангэрэл нарын нэр өмнө нь яригдаж л байсан. Арай хүчтэй лидер гэвэл З.Энхболд байна. Гэхдээ парламентын гадна байгаа болохоор төдийлөн дэмжлэг авч чадахгүй байх. 

Багт нь шууд хамаарахгүй ч Н.Алтанхуягийг дэвшүүлж мэдэх л юм. “Шинэчлэлийн” Засгийн газарт хамтарч ажиллаж байхдаа ойлголцож чадаагүй ч хожим "хонгил"-оор чирэгдсэн ижил зовлон тэднийг нэгтгэсэн тал бий. Хэрэв Н.Алтанхуягийг дэвшүүлбэл намын аль ч шатанд дэмжлэг авах магадлал өндөр. Түүний байгуулсан, цагтаа нам дотроо нөлөөтэй байсан “Алтангадас” фракци задарч, өөрөө намдаа ч, бүлэгтээ ч сул гишүүн байх болсон. Бас Ерөнхий сайд байхдаа залуусаар багаа бүрдүүлж, анхдагчид болон акулуудаа "гомдоосон" тал бий. Гэсэн хэдий ч 2009, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2012 оны УИХ-ын сонгуулийг удирдаж, намаа ялалтад хүргэсэн туршлага, богино хугацаанд хамгийн их бүтээн байгуулалт өрнүүлсэн амжилт түүнд "хаяглагддаг". Тэгэхээр Н.Алтанхуягт намын дарга байтугай төрийн тэргүүн ч хийх чадавх бий. 

Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч багийн хүнээ хүчтэй зүтгүүлэх нь ойлгомжтой. Энэ жагсаалт харин С.Баярцогтоос эхлээд С.Эрдэнэболд, Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу нарын шинэ гишүүдээр үргэлжилж байгаа. Тэдний дундаас С.Эрдэнэболд өмнө нь намын даргын төлөө О.Цогтгэрэл нартай өрсөлдөж байсан. 80-аад оныхны төлөөлөл болж, төр түшилцэж байгаагийн хувьд байж болох л хувилбар. Саяханыг хүртэл Монголын хамгийн том дайснаар нэрлэгдэж байсан Ц.Элбэгдорж болон түүний багийнхан Х.Баттулгын эсрэг хүчтэй пропаганда явуулсныхаа үр дүнд нэр хүнд нь эргэн сэргэж байгаа гэхэд болно. Гэхдээ л Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар эх орондоо нүүр бардам эргэн ирж чадахгүй, хүний нутагт амиа хоохойлсоор байгааг мартаж болохгүй!

АН-ыг зөв, хүчтэй лидер удирдах нь жирийн иргэдийн ч хүсэл

Ардчилсан намын даргаар аль ч тохиолдолд УИХ-ын гишүүн л сонгогдох нь дамжиггүй. Парламентын гишүүн бус хүн сонгогдвол жулдана, төр түшилцэж байгаа “цэргүүд” үгэнд нь орох ч үгүй биз.

Ямартай ч АН доторх тэмцлийг хурцатгахгүйн тулд намын даргын үүргээ гүйцэтгэж байгаа Л.Гантөмөр ҮБХ-гоо хуралдуулан, талуудын эрх ашиг, оролцоог нь хангасан шийдвэр гаргахаас өөр зам алга. Хэрэв энэ хурлаас аль нэг фракцийн эрх ашигт түлхүү үйлчилсэн шийдвэр гарах юм бол дотоод зөрчил үргэлжилсээр л байх болно.

Өнөөдөр бид хичнээн үгүйсгэж, үл тоомсорлосон ч Ардчилсан нам бол энэ улсад цоо шинэ нийгмийг бүтээсэн, гадаад ертөнцийн хаалгыг тайлж, монголчуудынхаа нүдийг нээж өгсөн улс төрийн том хүчин. Алдаатай, оноотой ч төр барилцаж ирсэн, цаашид ч барилцах нам. Тэгэхээр энэ намыг зөв, хүчтэй лидер удирдаж, эв нэгдлийг нь хангаасай, улс орноо зөв зүгт залаасай гэсэн хүсэл намын гишүүд төдийгүй жирийн иргэд бидэнд ч бий. Үйл явдал хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглацгаая.

Ийнхүү Ардчилсан намын дотоод тэмцлээр эхэлсэн намрын улс төр тун удахгүй “ах” намын дотоод хагарал, даргын төлөөх өрсөлдөөнөөр "улайсах" биз ээ.