Э.Ирэхбаяр
Редактор
УИХ
2025.08.22 10:51
658
D-Parliament.mn сайтад байршуулж, босгоо давсан иргэдийн өргөдлийг хэзээ хэлэлцэж хэрэгжүүлдэг болох вэ, УИХ-ын дарга аа!

D-Parliament.mn цахим платформ нь иргэдийн хууль санаачлах эрхийг бодитойгоор хэрэгжүүлэхгүй байгаа талаар шүүмжлэгсэд бий.

Хуульч Батхүү D-Parliament.mn сайтад Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох тухай өргөдөл гарган, иргэдээс санал авч эхлээд зургаан хоног өнгөрчээ. Өнөөдөр /2025.08.22/ 09 цаг 30 минутын байдлаар 36,619 иргэн дэмжиж, саналаа өгөөд байна. Энэ бол чамлахааргүй амжилт.

Гэхдээ төсөл санаачлагчаас мэдээллээ олон нийтэд түгээх, ятган сэнхрүүлэх талаар маш их   хүчин чармайлт гарч байгаа нь анзаарагдаж байлаа. Ямартаа л тэр өөрийн цахим талбартаа “100,000 ч чанга юм аа. Нийт 3.5 сая хүн амтай. Үүнээс насанд хүрэгсэд 2.1 сая. Үүний 210 мянга нь гадаадад, 305 мянга нь малчин, 513 мянга нь тэтгэврийн насныхан, 150 мянга нь оюутан гээд 1.2 сая болж байна. Үлдэх 1 сая орчим нь үл хөдлөх хөрөнгийн татвартай шууд холбоотой буюу хот суурин газар амьдардаг, 26-60 насны хүмүүс санал өгөх боломжтой гэж гарч байна. Энэ нь 10 хүн тутмын нэг нь зурах ёстой гэсэн үг. Гэхдээ энэ дотор хөдөө орон нутагт байх, алслагдмал газар ажилладаг, олон нийтийн сүлжээнд ордоггүй, энэ аяныг мэдээгүй, тоон гарын үсэггүй гээд хасагдаад явна. Гэхдээ 5 хоногт 28,000 гэдэг чамлах зүйл биш.” хэмээн бичсэн байна.

Цөөхөн хүн амтай манай улсын тухайд, саналын тоо 100 мянга хүрч байж, УИХ-аар хэлэлцэх нь үнэндээ чанга л даа. Дээр нь УИХ-ын дарга, түүний багийнхны үзэмж шууд нөлөөлнө. Эрх баригчдад таалагдаагүй төслийнхөө санал асуулгыг гацаачихдаг гэдгийг өргөдөл гаргасан иргэд хэлдэг л юм.

Одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа өөрөө НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох өргөдөл гаргаад ердөө зургаахан хоногийн дотор 100 мянга давсан санал авсан удаатай. Магадгүй энэ нь шинэ платформоо олон нийтийн анхаарлын төвд оруулах, итгэл төрүүлэх маркетинг байсан байж болох юм.  Тэр цагаас хойш найман сарын хугацаанд албаа хашсан ч уг өргөдлөө УИХ-аар хэлэлцүүлээгүй. Үүнийгээ улс төр, эдийн засгийн нөхцөл тохироо нь бүрдээгүй гэж тайлбарладаг.

D-Parliament.mn сайт 2023 оны 10 дугаар сард ашиглалтад орсноос хойш таван сарын дараа буюу 2025 оны 2 дугаар сарын байдлаар 150 гаруй хүн өргөдөл гаргаснаас ердөө дөрөв нь л 100 мянгын босго давсан байдаг. Үүнд хурлын даргын өргөдөл багтаж байгаа.

Тэгвэл бусад оронд иргэдийн өргөдөл хэдийн босготой байдгийг сонирхож үзлээ. 60 гаруй сая хүн амтай Итали улс гэхэд 50 мянган хүн санал өгөхөд л парламентаараа хэлэлцэж, шаардлагатай бол хууль болгон баталдаг. БНСУ, финлянд зэрэг улс 50 мянган хүн санал нэгдвэл тухайн асуудлыг хуулийн төслийн түвшинд авч үзэхгүй ч парламент нь хэлэлцдэг юм билээ.

Үндсэн хуульдаа хамгийн их гар хүрдэг Швейцаричууд гэхэд 18 сарын дотор 100 мянган хүний гарын үсгийг цуглуулж чадвал Үндсэн хуульдаа нэмэлт эсвэл өөрчлөлт оруулдаг аж. Хугацаа нь манайхаас 18 дахин урт байгаа биз.

Харин Их Британи манайхтай адилхан 100 мянган хүн санал өгсөн тохиолдолд парламент нь хэлэлцдэг ч 10 мянгад хүрсэн л бол Засгийн газар нь хариу өгдөг.

Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, олон нийт засаглах эрхээ эдлэх боломжийг нээх зорилгоор d.parliament.mn цахим платформыг хөгжүүлсэн гэдэг. Тэгвэл үүнийг илүү бодитой, амьдралд нийцсэн байдлаар хэрэгжүүлье гэвэл нэн тэргүүнд 100,000 гэсэн босгоо намсгаж, 50,000 болгоод, хугацааг нь ядаж гурван сар болгох хэрэгтэй л дээ. Жирийн иргэдийн хувьд сарын хугацаанд багтааж, саналаа олон хүнд хүргэж сурталчлах, улмаар саналыг нь авах амаргүй гэдгийг өнгөрсөн хугацаанд бид хангалттай харлаа. Нөгөөтэйгүүр 100 мянга гэдэг босго нь ч хүн амдаа харьцуулахад нэлээд өндөр байгааг анхаарах ёстой. Яг энэ асуудлаар хэн нэгэн нь тус сайтад өргөдөл гаргаж, санал асуулга эхлүүлсэн ч болох л юм.

Г.Занданшатарын үед эхлүүлсэн иргэд хууль санаачлах эрхийг хэрэгжүүлэх энэхүү платформыг илүү боловсронгуй болгож, иргэдийн саналыг ажил хэрэг болгох боломжийг бүрдүүлэхэд анхаарна уу, Д.Амарбаясгалан дарга аа!