УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн О.Алтангэрэл, Ш.Бямбасүрэн, Ч.Лодойсамбуу нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Залуус намд элсэхдээ, улс төрд орохдоо нэг л зүйлийг үргэлж ярьж байсан. Хэдхэн хүний тохиролцоо, хэдэн хүн асуудлыг шийддэг байдлын эсрэг шинэ үеийнхэн гэж өөрсдийгөө нэрлэж улс төрд орж байсан. Зарчмын хувьд залуу гишүүдтэйгээ санал нэг байгаа.
Бид өнгөрсөн хугацаанд намын тамга тэмдэг, гэрчилгээний асуудал гээд яарсан үйлдэл бүртээ бид даарсан. Даарч үзсэн. Тиймээс яараад яах вэ дээ гэх зарчим дээрээ бид санал нэгдэж байгаа.
Одоогийн байдлаар намын даргаа сонгох дүрэм, журам 2005 оны хуучин намын тухай хуульд зохицуулсан зохицуулалтаараа байгаа. Одоо улс төрийн намын тухай хууль хэрэгжээд эхэлсэн. Одоо байгаа намын тухай хуулиар тодорхой заалтууд өөрчлөгдсөн.
Хоёрт, АН-ын даргад өрсөлдөнө гэдгээ зарласан цөөн хэдэн хүмүүс байх шиг байна. Эдгээр нэр дэвшигчид ч намын гишүүдтэйгээ уулзаж, бодол санааг нь сонсох хугацаа өгөхийг хүсэж байгаа. Тиймээс үндсэн дүрмээ шинэ хуульдаа нийцүүлж баталсны дараа намын даргын сонгуулиа явуулах саналтай байгаа.