m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төрийн нам
2025.09.01 12:56
2854
“Будаг нь ханхалсан” даргын будлиантай ХОМ

Ардчилсан нам амралтын өдрүүдэд Үндсэний бодлогын хороогоо хуралдуулан, намын даргаа сонгож, үргэлжлүүлэн Их хурлаараа батламжилсан билээ. Тус намын шинэхэн дарга О.Цогтгэрэлийн хөрөнгө орлогын мэдүүлгийг та бүхэнд хүргэе.

УИХ-ын гишүүнээр анх сонгогдсон жилдээ буюу 2020 онд түүний орлого 326,771,900 төгрөг байсан бол 2023 онд гурав дахин өсөж, 937,344,260 төгрөг болон өсөж, харин 2024 онд  87.6 сая төгрөг болон огцом буурснаар мэдүүлжээ. Тэгвэл гэр бүлийнх нь орлого 2020 онд 1.4 тэрбум төгрөг байсан бол 2024 он мөн л 87 сая төгрөг болон огцом буурсан байх юм.

Түүний болон гэр бүлийнх нь орлого огцом буурсан нь хайнга, хэнэггүй байдлаар дутуу мэдүүлсэнтэй нь холбоотой болов уу. Коронагийн жилүүдэд үйл ажиллагаа, орлого нь хэвийн байсан атлаа эдийн засагт ноцтой савалгаа үүсээгүй үед огцом буурсныг өөрөөр яаж тайлбарлах билээ. Хэдийгээр 2024 он нь сонгуулийн жил ч гэлээ сонгуульд зориулсан зардлыг хасахаас өмнөх орлогоо мэдүүлэх ёстой. Санаатай, санаандгүй алин боловч хөрөнгө орлогоо буруу, ташаа мэдүүлсэн бол хуулийн хариуцлага хүлээх учиртай.

О.Цогтгэрэл нь “Тэсо” ХХК, “Тэсо констракшн” ХХК, “Домог интернэшнл” ХХК, “Тэсо пропертис” ХХК, “Хүннү конкрет” ХХК, “Милко” ХХК, “Айсмарк” ХХК зэрэг хэд хэдэн компанийг үүсгэн байгуулсан бөгөөд эдгээр компани нь төсвийн хөрөнгө оруулалттай тендерт оролцож, ялж байсан талаар мэдээлэл олдсонгүй. Тиймдээ ч “NTV” телевизийн мэтгэлцээнд өрсөлдөгч нарын хамт оролцохдоо “1000 гаруй ажилтантай системийг хоосноос босгосон туршлага надад бий. Төрөөс нэг ч тендер авч байгаагүй.” хэмээн бардам мэдэгдсэн байх. Гэхдээ төрийн өндөр албан тушаалтны хувьд хөрөнгө орлогоо мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тэрхүү мэдүүлэг нь үнэн зөв байх ёстойг умартаж болохгүй.

2020 онд 220 сая төгрөгийн үнийн дүн бүхий  хоёр ширхэг нийтийн орон сууц, нэг амины орон сууцтай хэмээн мэдүүлж байсан бол 2024 онд 3.73 тэрбум төгрөгийн дүн бүхий  хоёр ширхэг нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай хэмээн бүртгүүлжээ.

Тээврийн хэрэгслийн тухайд, 2020 онд 825.0 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн ширхэг автомашин бүртгүүлсэн бол 2024 онд 893.0 тэрбумын үнэ бүхий гурван ширхэг /Lexus LX-600, Mercedes Benz - S400CDI, Toyota Crown/  автомашинтай хэмээн мэдүүлжээ.

Урлаг, түүх, соёлын үнэт зүйл, үнэт эдлэл нь 2020 онд 1.0 тэрбумаар үнэлэгдэж байсан бол 2024 он хүртэл энэхүү дүнд өөрчлөлт ороогүй байна.

О.Цогтгэрэл 2020 оны байдлаар өөрийн үүсгэн байгуулсан дээрх долоон компаниас тус бүр 20 хувийн хувьцааг эзэмшиж байсан бол 2021-2023 онд тус бүр таван хувиар өсжээ. Харин 2024 онд “Тэсо” ХХК-аас бусад компанийн хувьцаагаа бусдад шилжүүлж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаагаа шинээр бүртгүүлсэн байна.