Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдийнхээ хамт 2026 оны төсвийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Энэ жилийн төсвийн гол онцлог анх удаа иргэдийн оролцоонд тулгуурлаж боловсруулсан. Мөн татварын ачааллыг багасгаж, бууруулсан төсөв болсон. ЖДҮ, иргэдээ дэмжсэн төсөв болсон гэж хэлж болно. Хүн төвтэй төсөв боловсруулахыг эрхэмлэсэн. Ийм учраас "Иргэдийн төсөв" гэж нэрлэлээ.
201,100 иргэнээс санал авч, төсвийн төслийг боловсруулсан. 2026 онд аль салбарт төсвийг түлхүү зарцуулах нь зүйтэй вэ гэх асуултад 129,625 иргэн эрүүл мэндийн салбарт, 105,295 иргэн боловсролын салбарт, 88,010 иргэн эрчим хүчний найдвартай байдал, хангамжид түлхүү зарцуулаач гэж эрэмбэлсэн.
Эрүүл мэндийн салбарт 2025 онд 238.1 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн бол 2026 онд 1.3 их наяд болгож 5.5 дахин нэмэгдүүлсэн
Хавдар судлалын үндэсний төв-2 -ыг барьж байгуулъя. Робот заслын тоног төхөөрөмж худалдаж авъя, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их засвар, хүчитгэлийг хийе. Эд эс эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулъя. Булган аймгийн 100 ортой нэгдсэн эмнэлэг, яаралтай 17 эмнэлгийг барьж байгуулъя, 19 эмнэлэг шинээр ашиглалтад оруулъя, тоног төхөөрөмжийг 49.7 тэрбумаар сайжруулъя. Монгол хүн эрүүл аж төрөх нөхцөл боломжийг хангасан төсвийн шийдэл боловсрууллаа.
Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүллээ.
НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно. Сард 800 мянган төгрөгийн худалдан авалт хийдэг хүн 16 мянган төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт авдаг байсан бол 40 мянгыг буцааж авна.
Ирэх жил 100 хувь буюу 80 мянган төгрөг буцаан авдаг болно. Нэг саяас дээш бол НӨАТ-ын буцаан олголт 2 хувь хэвээрээ. Нийт иргэдийн 75 хувь сард нэг сая төгрөг хүртэлх худалдан авалт хийж байгаа. Тийм учраас 75 хувьдаа ээлтэй буюу шатлалт НӨАТ хэрэгжүүлнэ.
800 мянган төгрөг хүртэлх орлоготой иргэдийг татвараас чөлөөлнө. 1,5 сая төгрөг хүртэлх орлоготой иргэний 800 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээнд татвар авахгүй. 2,5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой жижиг дунд үйлдвэрлэл татварын хөнгөлөлт эдэлнэ.
Орлого нь 50 сая төгрөгт хүрээгүй ААН хялбаршуулсан горимоор 1 хувийн татвар төлдөг. Тэгвэл 50 сая гэсэн босгыг байсныг 400 сая төгрөг болгоно. Татвараа төлөөгүй аж ахуй нэгжүүдийн дансыг хаадаг бүдүүлэг зохицуулалтыг зогсооно" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: