m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
2025.09.02 14:46
807
"Булли"-д өртсөн сайдтай боловсролын салбарын эргэн тойронд

Боловсролын сайд руу чиглэсэн “булли” өнгөрөгч хавраас эхэлж, одоог хүртэл үргэлжилсээр. Түүнд хаяглагдаж байгаа сэдвүүд өөрийн хамаарал бүхий сургууль руу төсвийн мөнгийг цутгасан гэхээс эхлээд багш нарын цалинг нэмсэнгүй, хичээлийн байр хүрэлцээгүй, анги дүүргэлт хэрээс хэтэрлээ гэхчлэн хөвөрнө. Төрд тулгамдсан, ужгирсан ихэнх асуудал хүн гэхээс илүүтэй системдээ байдаг л даа. Тиймээс энэ удаа асуудлыг хүнээс нь салгаж авч үзье.

Боловсролын яам бол энгийнээр хэлэхэд, хүн амыг соён гэгээрүүлж, боловсруулан хөгжүүлж, өрсөлдөх чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх үндсэн үүрэгтэй байгууллага.  Энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь оролцдог олон байгууллага бий. Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, Багшийн хөгжлийн төв, ШУА гэх мэт яамны харья агентлагуудаас эхлээд сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ЕБС, их, дээд сургууль гэх мэт бүх шатны  сургалтын байгууллага оролцдог.

Тэгвэл боловсролын үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн тулд нэгдүгээрт, сургалтын байр, хоёрдугаарт багшлах боловсон хүчин, гуравдугаарт эдгээрийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалт хэрэгтэй.

Хичээлийн байрны хүртээмж

Саяханыг хүртэл бид гэрт ойрхон, харьяаллын цэцэрлэгт хүүхдээ оруулах гэж сугалаа сугалж байсан шүү дээ. Аз нь дутвал хувийн цэцэрлэгт төлбөр төлж явуулах, санхүүгийн боломжгүй бол гэртээ цоожилж үлдээх эсвэл ээж аавынх нь хэн нэг нь ажлаас гарахаас өөр сонголтгүй байлаа. М.Энх-Амгалан сайдын үеэс энэ асуудлыг байр түрээслэх замаар шийдвэрлэж, хүртээмжийг нэмэгдүүлж чадсан. Энэ бодлого одоо ч үргэлжилж буй.

Гэхдээ зарим байршилд сургалт явуулахад тохиромжтой байр олдохгүйн улмаас анги дүүргэлт хэтэрсэн асуудал үүслээ. Энэ хичээлийн жилд суралцагчдын тоо өмнөх хичээлийн жилээс 29 мянгаар өсөж байгаа нь ч үүнд нөлөөлсөн нь ойлгомжтой. Тухайлбал, 141 дүгээр сургуулийн тухайд, нэгдүгээр ангийн нэг бүлэгт 70 хүүхэд сурах гэж байна гэсэн асуудал олны анхаарал татаж, ямартай ч энэ жилдээ түрээсийн байраар түр аргацаав.

Хэдийгээр жил бүр сургууль, цэцэрлэгийн барилгууд шинээр барьдаг ч энэ нь хүн амын өсөлтөө гүйцэж чадахгүй байгаа юм. Угтаа төсөв мөнгөтэй л холбоотой асуудал. Сүүлийн таван жилийн статистикыг харахад, жилээс жилд шинээр ашиглалтад оруулсан сургуулийн тоо нэмэгдэж байна. Тухайлбал, 2021 онд 19 сургууль шинээр ашиглалтад оруулж байсан бол энэ ондоо багтаж, 32 сургуулийн барилгын ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Харин цэцэрлэгийн тухайд 2021 онд 34 барилга шинээр ашиглаж байсан бол энэ онд 25 болон буурчээ. Энэ нь сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо буурч байгаатай холбоотой гэдгийг албаны хүмүүс тайлбарлаж байгаа юм.

Хувийн хэвшил хувьсах зардал авах эрхтэй юу

Сургууль, цэцэрлэгийн барилга барих нь өнөөдөр эхлээд маргааш дуусчихдаг хялбархан ажил биш. Шаардлагатай хөрөнгө мөнгийг төсөвт тусгуулахаас эхлээд тендер зарлах, дулааны улиралд бүтээн байгуулалт хийх гээд шат дараатай, цаг хугацаа болон хөрөнгө оруулалт ихээр шаарддаг. Нөгөөтэйгүүр, шинээр байр ашиглалтад оруулах бүрд багш, ажилчид нэмж ажиллуулах, тэдгээрийн цалин хөлс гээд ар араасаа зардал нэмэгддэг.

Тэгэхээр өнөө маргаашдаа төсөвт хэт ачаалал өгөхгүйн тулд хувийн хэвшлийн сургуулиудыг дэмжих бодлогыг үргэлжлүүлэхээс өөр замгүй. Төрийн хүргэх ёстой үйлчилгээг хүргэж байгаагийнх нь төлөө, байрны болоод боловсон хүчний хомсдолтой энэ салбарт дутагдаж буй орон зайг нөхөн ажиллаж байгаагийнх нь төлөө тэдэнд хувьсах зардал олгож ирсэн. Гэтэл одоогийн сайд л дуртайдаа үүнийг олгож, илүү зардал гаргаж байгаа аятай л шүүмжилцгээх.

Хувийн хэвшлийн сургуулиуд илүү чанартай үйлчилгээ үзүүлж, тохилог орчинг бүрдүүлж чадаж байна. Хүсэл хийгээд боломж нь байвал хэн ч тэнд сурч болно. Алсдаа улсын сургууль хороо бүрд хүрэлцээтэй болоод, үйлчилгээ нь чанаржаад ирвэл аандаа хувийн хэвшил зах зээлээс шахагдах биз.

Боловсролын салбарын цалингийн зардал сүүлийн таван жилд 2.6 дахин өсжээ

Боловсролын салбарт ажиллагчдын цалин бага, амьдралд хүрэлцэхгүй байна гэдэг гомдол, шүүмжлэл сүүлийн 30 жил тасраагүй. Бага байгаа нь үнэн, амьдралд хүрэлдцэггүй нь ч үнэн. Жил бүр багахан хувиар нэмдэг ч тэрхүү өсөлт нь инфляцидаа “идэгдчихдэг”. Гэхдээ сүүлийн таван жилийн дотор төсвөөс энэ салбарт хуваарилдаг цалингийн сан 2.6 дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, 2021 онд 916 тэрбум төгрөгийг боловсролын салбарынхны  цалинд зарцуулж байсан бол 2025 онд энэ зардлыг 2.4 их наяд болгон өсгөснөөс харахад, одоогийн боловсролын сайд цалин хангамжийг нэмэгдүүлэхэд тодорхой ахиц гаргаж байна гэж дүгнэж болохоор.

Эцэст нь хэлэхэд, хүрэлцээгүй хичээлийн байр, боловсон хүчний хомсдол, амьдралд хүрэлцдэггүй цалин гэх мэт энэ салбарт тулгамдаж байгаа асуудлууд нь өнөөдөр гэнэт П.Наранбаяр гэдэг сайд болон  түүний баг бий болгочихсон юм биш, үеийн үедээ байсаар ирсэн асуудал атал бүх бурууг нэг л хүнд тохож байгаа нь түүнийг суудлаас нь буулгах гэсэн кампанит ажил гэдгийг улс төрийн хүрээнийхэн шивэр авир хийж буй. Харин захиалагч нь магадгүй “дан дээлтэй”-дээ сэтгэл дундуур үлдсэн хэн нэгэн “сул” гишүүн байх. Мэдээж эрх баригч намынх.