ОХУ-ын Владивосток хотноо жил бүр зохион байгуулдаг Дорнын эдийн засгийн форум есдүгээр сарын 3-наас 6-ны өдрүүдэд болно. Алс Дорнодын эдийн засгийг хөгжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү форум 10 дахь удаагаа зохиогдох гэж байна. Форумын энэ жилийн сэдэв нь “Алс Дорнод-Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх хамтын ажиллагаа.”
Владивосток хотод 2015 оноос хойш жил бүр зохион байгуулж буй Дорнын эдийн засгийн форум өнгөрсөн хугацаанд дэлхийн хамгийн чухал бизнесийн арга хэмжээнүүдийн нэг болжээ. ОХУ-ын Алс Дорнод болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын асуудлыг бүхэлд нь шийдвэрлэх гол үйл явдлын статустай уг платформыг бүс нутгийн улс орнууд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх цонх гэж нэрлэх нь бий. Форумын үеэр улс төр, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, хүнсний хангамж гээд өргөн хүрээнд салбар хуралдаанууд, дугуй ширээний уулзалт, телевизийн ярилцлага, мэтгэлцээн, өглөөний цай, бизнесийн яриа хэлэлцээрүүд зохион байгуулагддаг. Улс орнуудын төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, улстөрчид, сайд нар, бизнес эрхлэгчид, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцон, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, технологийн төслүүдийг хэрэгжүүлэх, старт-апп гарааны бизнесийг эхлүүлэх, бизнес эрхлэгчдэд санхүүжилт олоход нь туслах, шинэ зах зээлд нэвтрэх зэрэг боломжуудыг эрэлхийлдэг аж. 2015-2019 онуудад болон 2021 онд Дорнын эдийн засгийн форумын үеэр нийт 15.7 их наяд рублийн гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдээлж байв. Ялангуяа 2021 он хөрөнгө оруулалт, бизнесийн гэрээ хэлэлцээрийн хувьд дээд амжилт тогтоосон жил байжээ. Владивостокийн Дорнын эдийн засгийн форумын өнгөрсөн 10 жилийн товчооныг хүргэе.
2024 он
“Алс Дорнод - 2030. Хүчин чармайлтаа нэгтгэж, боломж бололцоо бүрдүүлцгээе” сэдвийн дор болжээ. 76 улс орон, нутаг дэвсгэрийн 6000 гаруй төлөөлөгч оролцсон. Бизнес хөтөлбөрийн хүрээнд “Олон улсын хамтын ажиллагааны шинэ хэлбэр”, “Бие даасан байдлын технологи”, "Санхүүгийн үнэ цэнийн систем", "Алс Дорнодын Орос орон", "Хүмүүс, боловсрол ба эх оронч үзэл", "Тээвэр ба ложистик: шинэ маршрут", "Мастер төлөвлөгөө: архитектураас эдийн засаг хүртэл" гэсэн долоон сэдвийн дор 100 орчим салбар хуралдаан болсон байна.
2023 он
Дорнын эдийн засгийн VIII форум “Хамтын ажиллагаа, энх тайван, хөгжил цэцэглэлтийн замд” гэсэн сэдвийн дор зохиогджээ. Форумын үеэр Энэтхэг, Хятад, Лаос, Монгол Улс болон АСЕАН, БРИКС, ЕвроАзийн эдийн засгийн холбоо зэрэг байгууллагатай төрөл бүрийн бизнес яриа хэлэлцээ хийсэн. “Өөрчлөгдөн буй дэлхий дахины олон улсын хамтын ажиллагаа”, “Ложистикийн өөрчлөлт”, “Алс Дорнод 10 жилийн хугацаанд: Юу болов? Юу хийх хэрэгтэй вэ?”, “Технологийн хөгжил нь тусгаар байхын баталгаа”, “Ирээдүйн Алс Дорнод”, “Боловсрол болон хүмүүжил нь бие даасан байхын үндэс” гэсэн зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас гадна, Төв Ази, Африк, Латин Америкийн төлөөлөгчдийн 400 гаруй илтгэл тавигджээ. Манай улсаас Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан төлөөлөгчид оролцсон.
2022 он
Дорнын эдийн засгийн VII форум “Олон туйлт дэлхий ертөнц рүү” гэсэн сэдвийн дор болжээ. ОХУ-ыг оруулаад 68 улсын 7000 гаруй төлөөлөгч, сэтгүүлч оролцсон. ОХУ-ын 700 компанийг төлөөлсөн 1700 бизнесмэн оролцжээ. Энэ үеэр 100 орчим арга хэмжээ явагдсаны 70 гаруй нь сэдэвчилсэн хуралдаанууд байв. Форумын түүхэнд өмнө байгаагүй олон тооны хөрөнгө оруулалтын хэлцэл, хамтын ажиллагааны санамж бичиг, хамтран ажиллах тохиролцоо хийгдсэн. Нийтдээ 3 их наяд 272 тэрбум рублийн үнийн дүн бүхий 296 гэрээ хийсний дотор дэд бүтэц, тээвэр, барилга, уул уурхайн олборлолт, аж үйлдвэр, ХАА-н салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлцлүүд байжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнын эдийн засгийн VII форумд оролцож, ОХУ-тай хэлэлцээ хийж, зүүн босоо чиглэлийн төмөр замын төслийг дэмжих, АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх, Байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийг идэвхтэй хамтран хэрэгжүүлж, 2029 онд ашиглалтад оруулах зэрэг тохироонд хүрч байжээ.
2021 он
ОХУ-ын Владивосток хотын Русский арал дээр Дорнын эдийн засгийн VI форум болжээ. Энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв “Өөрчлөгдөж буй ертөнцөд Алс Дорнодын шинэ боломжууд” байв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 уг форумын нэгдсэн хуралдаанд Оросын талын урилгын дагуу цахимаар оролцож, үг хэлсэн байна. Мөн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Аргентин улсын Ерөнхийлөгч Альберто Фернандес, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Праут Чан-Оча нар цахимаар оролцсон. Форум “Шинэ эрин үеийн эдийн засаг: Юу өөрчлөгдөж, юу үлдэх вэ”, “Алс Дорнод-шинэ сорилт боломжууд”, ”Өөрчлөгдсөн дэлхийд хамтын хариуцлага”, “Залуучуудын Алс Дорнын эдийн засгийн форум” гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр зохион байгуулагджээ.
2019 он
Дорнын эдийн засгийн V форумд Япон, БНХАУ, Энэтхэг, Их Британи, АНУ, Швейцар, Итали зэрэг 65 орны 8000 гаруй хүн оролцжээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, Малайзын Ерөнхий сайд Махатир Мохаммад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төрийн тэргүүн нар оролцсон.
2018 он
Дорнын эдийн засгийн форум “Алс Дорнод: боломжуудын хил хязгаарыг тэлэх нь” сэдвийн дор болж, салбар хуралдаан, ажил хэрэгч өглөөний цай, дугуй ширээний уулзалтууд зэрэг 70 орчим ажил хэргийн арга хэмжээ зохиогджээ. Үүнээс гадна форумын үеэр “Орос-Хятад”, “Орос-Энэтхэг”, “Орос-Япон”, “Орос-Өмнөд Солонгос”, “Орос-АСЕАН”, “Орос-Европ”, “Орос-Ойрх Дорнод” гэсэн хоёр талын ажил хэргийн яриа хэлэлцээ зохион байгуулагдсан. 59 орны 5000 орчим төлөөлөгч оролцсон.
2017 он
Дорнын эдийн засгийн III форум “Алс Дорнод: Шинэ бодит байдлыг бий болгох” гэсэн уриан дор болжээ. Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин, Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ зэрэг олон орны төр засгийн тэргүүн нар болон дэлхийн 55 орны бизнесийн салбарын төлөөлөгч, гадны компаниуд гээд 4000 гаруй төлөөлөгч оролцсон. Форумын үр дүнд Алс Дорнодод нийтдээ 3,2 их наяд рублийн хөрөнгө оруулалттай 837 төсөл хөтөлбөр хэрэгжихээр болжээ.
Хоёр дахь удаагийн Дорнын эдийн засгийн форумын үеэр 216 гэрээ хэлэлцээр байгуулагджээ. Эдгээр гэрээ хэлэлцээр нийт 1,85 их наяд рубль буюу 32 тэрбум америк доллараар хэмжигдэж байв.
Эх сурвалж: Өдрийн сонин