Э.Ирэхбаяр
Редактор
Засгийн газар
2025.09.03 10:50
576
Ирэх онд улсын төсвөөс Хөвсгөл аймагт хамгийн их, Дундговь аймагт хамгийн бага санхүүгийн дэмжлэг олгоно

Засгийн газар 2026 оны Төсвийн тухай хуулийн төслөө хоёр хоногийн өмнө Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Уг төсөлд 2026 оны төсвийн жилд улсын төсөвт төвлөрүүлэх тэнцвэржүүлсэн орлого 19 их наяд 732 тэрбум 105.4 сая төгрөг, зарлага нь 22 их наяд 747 тэрбум 470.8 сая төгрөг байхаар тусгажээ.

Ирэх онд төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид 3 их наяд 267 тэрбум 317.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.

2026 онд төлөх Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийн хэмжээ 2 их наяд 609 тэрбум 258.5 сая төгрөг байна. Харин шинээр үүсгэх өрийн тухайд, дотоод зээллэгийн дээд хэмжээг 562 тэрбум төгрөг хүртэл, гадаад зээлийн дээд хэмжээг 1.5 их наяд төгрөг хүртэл, аймгийн үнэт цаасны дээд хэмжээг 150 тэрбум төгрөг хүртэл байхаар таазыг нь тогтоожээ. Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээг тухайн төсвийн жилд 3 их наяд 592 тэрбум, 790.0 сая төгрөг байна.

2026 оны төсвийн жилд нийт 14 аймагт  санхүүгийн дэмжлэг олгохоор Төсвийн төсөлд тусгасан байна. Эдгээрээс Хөвсгөл аймагт хамгийн их буюу 40.7 тэрбум төгрөг, Дундговь аймагт хамгийн бага буюу 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор хуваарилжээ.

Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймагт улсын төсвөөс дэмжлэг үзүүлэхгүй аж. Эдгээр долоон аймаг өөрийн орлогоор орон нутгийнхаа төсвийг бүрдүүлээд зогсохгүй улсын төсвийг бүрдүүлэлцэж байгаа нь уул уурхайн салбараас түлхүү орлого олж байгаатай нь холбоотой юм. Мөн улсын нийслэл Улаанбаатар хот ч улсын төсөвт орлого төвлөрүүлдэг юм. 2025 онд нийслэлээс гадна есөн аймаг улсын төсвийн орлогыг бүрдүүлэлцсэнээс ирэх онд Булган, Дундговь аймаг хасагдаж байгаа юм байна.