ШХАБ-ын үеэр Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын тэргүүн уулзаж, хөрш орнуудын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар санал солилцсон. Энэ хүрээнд олон жил яригдсан ч урагшлахгүй байсан хийн хоолойн асуудал дээр нэлээд ахиц гарч, санамж бичиг байгуулаад авлаа. Одоо ОХУ-аас хэдий хэмжээний хий нийлүүлэх юм, транзитын тариф, роялтигаа хэдээр тогтох юм, бүтээн байгуулалтын ажил нь хэзээ эхэлж, хэзээ дуусах юм, хэн гүйцэтгэх юм, засвар үйлчилгээг хэн хариуцах юм, ТЭЗҮ-ийг хэзээ боловсруулж дуусах юм гэх мэт асуудлуудыг тодорхой болгох шаардлага бий болж байгаа юм.
ОХУ-аас байгалийн хий импортолдог гол хэрэглэгчид нь европын орнууд байсан бол Орос-Украйны дайнаас хойш Хятад улс болон хувирч байгаа. Гэхдээ Оросын тал европт нийлүүлдэг байснаасаа хямд үнээр Хятад руу экспортолж байгаа аж. Дэлхийн геополитикт голлох нөлөөтэй улсууд нүүрээ буруулж байгаа энэ цаг үед гол худалдан авагчдаа буулт хийж, уян хатан үнэ санал болгохоос ч яах билээ.
Тэгвэл Монгол Улс “Сибирийн хүч-2” төсөлд оролцсоноор транзитаас хэдий хэмжээний ашиг олж болох вэ гэдэг асуулт хариулт нэхэж буй. Үүнд хариулахын тулд юуны өмнө хийн холойг газар нутгаараа дамжуулагч улс орнууд ямархуу байдлаар орлого олдгийг харцгаая.
Нэгдүгээрт, транзитын төлбөр хамгийн гол орлого болдог аж. Жишээлбэл, Украйн улс Оросоос ЕХУ-ууд руу гаргадаг байгалийн хийг дамжуулахдаа жилд ойролцоогоор 0.8-1.0 тэрбум ам.доллар транзитын төлбөр авдаг байжээ. Украйны тал энэ гэрээг саяхан буюу 2025 оны 5 дугаар сард дуусгавар болгосон. Хоёрдугаарт, тодорхой хувиар роялти авдаг. Алжираас Италид хүрдэг “Транс-Мед” хийн хоолойгоос Тунис улс 5.25-6.75 хувиар тооцон роялти авдаг байсан. Гуравдугаарт, төрөл бүрийн татвар болон төлбөрүүдээс орлого олдог. Үүнд газар ашигласны хураамж болон замын төлбөр, хоолой барих маршрут дагуух газрыг чөлөөлөх зардал, дэд бүтэц ашиглахтай холбоотой нэг удаагийн болон тогтмол төлбөрүүд гэх мэт орно. Дөрөвдүгээрт, уг төсөлд туслан гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгчээр оролцож байгаа орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс орж ирэх татвар.
Тэгэхээр ганцхан уул уурхайн салбараас хамааралтай эдийн засгаа солонгоруулах тухай ярьдаг ч бодитоор хэрэгжүүлж чаддаггүй манай улсын тухайд дээрх татвар, төлбөр, хураамжуудаар боломжийн орлого олохоор харагдаад байгаа юм.
Тэгвэл ОХУ-аас БНХАУ руу жилд хэдий хэмжээний байгалийн хий нийлүүлэх вэ, энэ нь хичнээн жил үргэлжлэх вэ гэдгээс манай улсад хэр хэмжээний орлого орж ирэх нь хамаарна.
Хэдийгээр энэ талаар саяын уулзалтаар хөндөгдөөгүй ч дэлхийн хэвлэлүүд Орос улс нь “Сибирийн хүч-2” төслийн хүрээнд БНХАУ руу 30 жилийн хугацаанд жил бүр 30-50 bcm байгалийн хий нийлүүлэх боломжтой талаар бичицгээж байна. Ийм хэмжээний хийг европ руу дамжуулдаг байсан Украйны жишээнээс харахад, манай улс энэхүү төслөөс жилд 1.2–1.3 тэрбум ам.доллар олох боломжтой гэсэн тооцооллыг ч зарим эдийн засагч гаргаад байна.
Нэг улсаас нөгөө улс руу хийн хоолой тавихдаа гуравдагч улсын нутгаар дамжуулсан тохиолдол дэлхийн түүхэнд хэд хэд бий. Бүр хэд хэдэн улсын нутгаар ч дамждаг. Тэгэхээр бидэнд тэдний алдаа, онооноос суралцах бэлээхэн туршлага байна гэсэн үг.
1983 онд “Транс-Средизем” компани Алжираас Тунисаар дамжуулан Итали руу хийн хоолой тавьсан. Тунис транзитын роялтиг 5.25–6.75 хувиар тооцон авч байжээ.
Алжир улсаас Мароккогоор дамжуулан Испани, Португал руу тавьсан “Магреб–Европ” хийн хоолой 1996–2021 он хүртэл ашиглагдсан ч Алжир болон Мароккогийн улс төрийн зөрчлөөс болж, Алжирын санаачлагаар транзитыг зогсоосон. Дараа нь чиглэлийг өөрчилж, Испанийг дамжуулагчаар оруулсан байдаг. Энэ бол хийн хоолой дамжуулахад геополитикийн нөхцөл байдал нөлөөлж, эрсдэл дагуулдгийн нэг тод жишээ юм.
ОХУ-аас Беларусь, Польшийн нутгаар дамжуулан Герман руу тавьсан “Yamal Pipeline” хийн хоолойг 1999 - 2006 оны хооронд бүрэн хүчин чадлаар нь ашиглаж байсан ч 2022 оноос гэрээний зөрчлөөс үүдэлтэй маргаанууд үүссэн. Транзитад олон улс оролцох тусам улс төрийн мэдрэмж өндөр байдгийн нэг жишээ нь энэ.
Туркменстан улс Узбекстан, Казахстаны нутгаар дамжуулан Хятад руу хийн хоолой тавьсан. 2009 оноос эхэлсэн энэхүү гэрээ нь урт хугацаанд амжилттай хэрэгжсэн, сайн жишээ болдог.
Азербайжан улс Италид хүргэх хийн хоолойгоо Гүрж, Турк, Грек, Албаний нутгаар дамжуулан тавьсан. Эхлээд иргэдийн эсэргүүцэлтэй нэлээд тулгарсан ч зөвшилцөлд хүрснээр 2020 оноос төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. "Өмнөдийн хийн коридор" хэмээн нэрлэгддэг энэхүү төсөл нь хийн хоолойг дамжуулан тавихад нийгмийн дэмжлэг маш чухал болохыг харуулж байгаа юм.
Геополитикийн нөхцөл байдал хурцдах, үнэ тариф, зардал хуваах хувь хэмжээ зэргээс үүдэлтэй маргаан үүсэх, нийгмийн эсэргүүцэл зэрэг нь урсгал тасалдах, улмаар орлого тасалдах эрсдэл дагуулж байдаг.
Дээрх жишээнүүдээс харахад, өөрийн нутаг дэвсгэр дээгүүр транзит хийлгэх нь тухайн улсад эдийн засгийн ашиг өгөх ч геополитикын эрсдэл ч бас дагуулдаг аж. Гэхдээ бид алийн болгон айж, атгын чинээ болох вэ. Бэлээхэн туршлагуудаас сургамж авч, тулгарч болзошгүй эрсдэлүүдийг сайтар тооцоолж, тэдгээрээс сэргийлэх хамгаалалтуудаа ч сайн хийх ёстой. Тухайлбал, транзитын тариф, роялти, валютын ханшийн эрсдэл, инфляцын индекс зэргийг талуудтай тохиролцож, эцэслэн албажуулсны дараа хийн хоолойн барилгын ажлыг эхлүүлэх хэрэгтэй гэсэн хашир геополитикчдын зөвлөгөөг анхаарахгүй орхиж боломгүй. Түүнчлэн бүтээн байгуулалтын ажилдаа Монгол Улсын иргэдийг оролцуулж, ажлын байраар хангах шаардлага ч бий.