m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2025.09.08 12:24
1132
ХАЛЗАН БҮРЭГТЭЙГ ДАГАСАН МАРГААН ХИЙГЭЭД МАРГААШ

Халзан бүрэгтэй гэх нэр монголчууд бидэнд танил болсоор нэлээд хэдэн оныг үдлээ. Тэнд нуугдсан эрдэнэсийг нэг хэсэг нь ашиглана гээд, нөгөө хэсэг нь хортой, ухуулахгүй гээд хоёр тал болон “дайтсаар” өнөөдрийг хүрэв.  Гэхдээ энэ ордод чухам ямар гээч эрдэнэс нуугдаж байгааг ихэнх нь мэдэхгүй, магадгүй сонирхоо ч үгүй байх. Харин “шаварт унасан шарын эзэн” гэгчээр нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагынхан л илүүтэй сонирхож бас хамгаалж ирэв.

Улаанбаатараас баруун тийш 1600 км, Ховд аймгийн төв Ховд хотоос зүүн хойш 60 км, Мянгад сумаас хойш 20 км зайд Ховд голын эрэг дагуу оршдог энэхүү ордод Монголын орны газрын хэвлий дор байгаа 3.1 сая тонн газрын хүнд болон хөнгөн, ховор элементийн  30-40 орчим хувь нь ногддог гэж үздэг. Тодруулбал, хүдрийн нөөц 268 сая тонн. Эцсийн бүтээгдэхүүний нөөц нь 1.2 сая тонн. Нийт нөөцийг зах зээлийн ханшаар тооцвол 6.6-49 тэрбум ам.доллараар үнэлэгдэх боломжтой гэсэн судалгаа байна.

Уг ордыг “Mongolian national rare earth” компани 100 хувь эзэмшдэг бөгөөд хоёр тусгай зөвшөөрөлтэй. Энэ компанийг Худалдаа хөгжлийн банк 100 хувь эзэмшдэг.

Олборлогч болон нутгийн иргэдийг талцуулсан дүгнэлтүүд

Хэдийгээр төрөөс тусгай зөвшөөрөл олгосон ч нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас компани өнөөдрийг хүртэл олборлолт хийж чадаагүй. Ийн эсэргүүцэх болсон үндэслэл нь тус орд дахь байгалийн цацрагийн идэвх нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн гэх мэргэжлийн байгууллагын тайлбар юм.

Үүний улмаас иргэд болон компаний зөрчил хурцадмал байдалд хүрснээр ҮАБЗ-өөс 2022 онд  Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг нь “Халзан бүрэгтэй” төслийн талбайн ойр орчмоос дээж авч, шинжлүүлснээр Цацрагийн хяналтын лабораторийн дүгнэлт гарсан байдаг. Мөн тухайн ажлын хэсэгт ажилласан Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч 01-08-074/351 тоот дүгнэлт гаргаж хүргүүлсэн байна.

“Цацрагийн аюулгүйн норм”-ыг үндэслэн гаргасан уг дүгнэлтэд, “Цацрагийн тунгийн чадал нь цацрагийн хяналтаас чөлөөлөх түвшинд байна” гэжээ. Хяналтаас чөлөөлөх түвшинд гэдэг нь зөвшөөрөгдсөн хэмжээг хэлдэг аж. Тэгэхээр уг ордоос ялгарч байгаа байгалийн цацраг нь байгаль орчин, хүн, амьтан, экосистемд хор хөнөөл учруулахгүй гэж ойлгож болох аж.

Харин Цөмийн энергийн комиссын ажлын албаны 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 1/877 тоот “Цацрагийн хэмжилт, шинжилгээний тухай” албан бичигт дурдсанаар “хяналтаас чөлөөлөх түвшнээс хэтэрсэн” гэж дүгнэсэн байдаг.

Уг дүгнэлтийг дээрхтэй адил Цацрагийн аюулгүйн норм”-д үндэслэн гаргасан ч кали, уран, тори, изотоп тус бүрийн утгыг нэгтгэсэн нийлбэрийг цацрагийн чөлөөлөгдөх түвшинд харьцуулан гаргасан аж. Чухам эндээс “Халзан бүрэгтэй” төслийн байгалийн цацрагийн идэвхийн түвшний талаарх зөрүүтэй ойлголт нийгэмд бий болсон юм. Тиймээс энэ маргааныг нэг мөр болгон эцэслэх шаардлагатай.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, газрын ховор элементүүд өөрсдөө цацраг идэвхгүй. Харин зарим ордод дагалдах эрдсүүд нь уран, тори агуулдаг учраас олборлолтын үед үүсдэг хаягдал нь радиацийн эрсдэлтэй байдаг гэж үздэг аж.

Газрын ховор элементээр хүн төрөлхөн юу бүтээдэг вэ?

Тэгвэл газрын ховор элемент гэж юу вэ? Эдийн засгийн өгөөж нь хэр юм, үйлдвэрлэлд хэр өргөн цар хүрээтэй ашиглагддаг юм гэх мэт асуултад хариулъя.

Газрын ховор гэж нэрлэгддэг 17 элемент байдаг. Эдгээрийг дотор нь хүнд ба хөнгөн гэж хоёр хуваана. Хөнгөн гэсэн ангилалд неодим, празеодим гэх мэт элемент багтдаг бөгөөд эдгээр нь маш өндөр татах хүчтэй, соронзон металл юм. Тиймээс машин, онгоц, утас гэх мэт цахилгаанаар эргэдэг бүхий л зүйлд ашиглагддаг аж. Хөнгөн элементүүд нь нэг дор том хэмжээгээр олддог бөгөөд үнэлгээ багатай. Харин хүнд ангилалд диспрози, терби гэх мэт элемент багтдаг. Эдгээр элемент нь халуунд маш тэсвэртэй тул онгоц, пуужинг өндөр температурт тэсвэртэй болгохын тулд ашигладаг аж. Гэхдээ олборлож, боловсруулахад ихээхэн ажиллагаа шаарддаг, дээр нь эрэлт ихтэй болохоор өндөр үнэлгээтэй байдаг.

Түүнчлэн ховор элементүүд нь тусгай хайлш, соронз, батарейн материал, оптик болон фосфор материал, керамик, шилэн эдлэл, электрон конденсатор, өндөр үнэтэй катализатор гэх мэт бидний амьдралд хэрэглэгддэг олон зүйлийг бүтээхэд ашигладаг байна.  

Халзан бүрэгтэйн хувь заяа хэрхэх вэ?

Манай оронд өнөөдрийн байдлаар газрын ховор элементийн долоон том орд илрээд байгаа бөгөөд эдгээрээс хамгийн их нөөцтэй болон үнэлгээ өндөр нь Халзан бүрэгтэй юм. Энэ ордод бүх төрлийн элемент байдаг ч эдийн засгийн өндөр өгөөж өгөх дээрх дөрвөн элементийг гаргаж авахаар ТЭЗҮ-дээ тусгасан аж. Ялангуяа диспрозиор баялаг тул стратегийн ач холбогдолтой гэж үздэг.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад стратегийн хэмээн бүртгэгдсэн 16 орд байгаа бөгөөд стратегийн ач холбогдол бүхий нөөцтэй хэмээн тодорхойлогдсон дахиад 39 орд бий. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ сайдын үед ГЗ-ын БЭТ-өөр томилогдсон Ж.Батзандангийн мэдэгдсэнээр Хармагтай, Халзан бүрэгтэй зэрэг найман ордыг стратегийн ордод нэмж оруулах боломж ч бас буй.

Стратегийн орд гэдэг нь бүс нутгийн нийгэм, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний эсвэл жилд ДНБ-ий таван хувиас багагүй үйлдвэрлэл явуулах боломжтой ордыг хэлдэг. Ийм ордын нөөцийг төсвийн хөрөнгөөр хайж тогтоосон бол улс 51 хүртэл хувийг, харин тухайн компани өөрийн хөрөнгөөр илрүүлсэн тохиолдолд улс 34 хүртэл хувийг нь төр эзэмших хуулийн зохицуулалттай. Халзан бүрэгтэйн тухайд, “Mongolian national rare earth” ХХК өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн болохоор монголын төр хамтран эзэмшлээ гэхэд 34 хувиас хэтрэх ёсгүй.

Нэгэнт төр өөрөө хайгуул хийж бас олборлож болно оо гээд зөвшөөрсөн, хувийн аж ахуйн нэгж эрсдэлээ үүрээд нөөцийг нь тодорхойлчихсон энэ ордыг гацаанаас нь гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь наанадаж ажлын байр бий болгох аж ахуйн нэгжээ дэмжих, цаанадаж, эдийн засгаа тэлэх боломж гэдэг өнцгөөс бид асуудалд хандах учиртай.

Ямартай ч, удтал маргаан дагуулсан Халзан бүрэгтэйн асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 23-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар товлоод буй. Энэ үед эсэргүүцэгчид болон дэмжигчид хоёр талаасаа байгаа бүх “хөзрөө дэлгэх” нь дамжиггүй. Туйлширч, муйхарлалгүйгээр, асуудалд бодитой, шинжлэх ухаанч  байдлаар хандаж, улс орны ирээдүйд өгөөжтэй шийдвэр гаргах нь л чухал.

Эцэст нь, газрын ховор элементийн үнэ 2022 оны өндөр өсөлтөөс хойш эргээд буурсан ч  цаашид өсөх төлөвтэй, ялангуяа 2040-2050 оны үед энэ төрлийн элементүүдийг үйлдвэрлэLд ашиглах оргил үе болно гэж шинжээчид үзэж байгааг сануулъя.