Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 9-р сарын 2-ны өдөр тарваган тахал өвчин бүртгэгдсэн. Тус асуудлын талаар ЭМЯ-аас мэдээлэл хийлээ.
Д.Очирбат ЭМЯ-ны ТНБД: Улсын хэмжээнд 17 аймаг, 137 сумын нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувь нь тарваган тахлын голомттой бүс байдаг. 2005-2025 оны хооронд нийт 31 тохиолдол бүртгэгдэж байсан бөгөөд жилд дунджаас 1-2 тохиолдол бүртгэгдэж, нас баралт 35 хувьтай байсан. Тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол 2020 онд хамгийн олон буюу 6 тохиолдол батлагдаж, нас баралт хамгийн өндөр бүртгэгдэж байсан.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 3 тохиолдол бүртгэгдсэн. Нэг тохиолдол нь харамсалтайгаар нас барсан бол нэг тохиолдол нь эдгэрсэн.
Тарваган тахал өвчин нь хавар 4-р сараас эхлэн идэвхжиж 8-9-р сард оргил үедээ хүрч 10 сарын дунд үеэс намжмал байдалд ордог. Нийгмийн эрүүл мэндийг хамарсан гоц халдварт өвчин юм. Батлагдсан 3 тохиолдлын нэгдүгээр хавьтлын 96 хүнийг тусгаарласан. Харин эрүүл мэндийн байгууллагын 41 хүн тусгаарлалтад байгаа. Мөн гэр бүл болон ойрын хавьтлын 55 хүнийг одоогийн байдлаар тусгаарласан.
Дээрх нэгдүгээр хавьтлын 35 хүнээс молекул биологийн болон нян судлалын шинжилгээ хийхэд 22 хүн эерэг тодорхойлогдож, 2 хүнд шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр батлагдсан. Мөн 20 хүнийг сэжигтэй тохиолдол гэж бүртгэн, хяналтдаа авсан.